Ойрх Дорнодын Йордан улсын угсаа залгамжлах хунтайж Хуссэйн бин Абдуллах, Саудын Арабын архитектор Ражва Аль Сэйф нарын тансаг хуримын ёслол өчигдөр зохион байгуулагдаж, дэлхийн олон орны хүндтэй зочид оролцжээ.
Хуримын ёслол тус улсын нийслэл Амман хот дахь дундад зууны Захран шилтгээнд болсон байна.
Хос хоёр хоёул энэ жил 28 нас хүрч байгаа юм. Тэдний хуримд дэлхийн улс орнуудын 140 орчим хүндтэй зочид оролцсоны дотор АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден, Их Британийн угсаа залгамжлах хунтайж Уилльям, түүний гэргий Кэйт Мидлтон нар байжээ.
1999 онд Йорданы хаан ширээнд заларсан 61 настай II Абдуллах хаан ууган хүүгээ өөрийн залгамжлагч болгохоор олон жилийн өмнөөс бэлдэж байгаа.
Өмнө нь Абдуллах хаан өөр нэг хатныхаа хүү Хамзахыг 2004 онд залгамжлагчаараа сонгож байсан ч төрийн эсрэг хуйвалдаанд оролцсон шалтгаанаар 2009 онд эрхийг нь цуцалж, хунтайж Хуссэйнд шилжүүлж байв.
Гэрийн хорионд байсан Хамзах 2022 оны дөрөвдүгээр сард хааны гэр бүлтэй үзэл бодол нийлэхгүй болсноо зарлаж, язгууртны хэргэмээсээ татгалзсан юм.
Ойрх Дорнодын улс орнуудаас Йорданы нийгэм, улс төрийн байдал харьцангуй тогтвортойд тооцогддог.
Гэхдээ сүүлийн үед эдийн засгийн хүндрэлтэй холбоотой үймээн самуун үе үе гарах болсон байна.
Дэлхийн Банкны мэдээлснээр Йордан улсын өрийн хэмжээ нэлээд нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин 23 хувьд хүрээд байгаа.
11 сая хүн амтай тус улс парламентын хаант засаглалтай бөгөөд хаан нь зэвсэгт хүчнээ удирддаг юм.
Хунтайж Хуссэйн хаан эцгийнхээ нэгэн адил Их Британийн Сэндхарстын Цэргийн Коллежийг төгсөж, дараа нь Вашингтоны Жоржтауны Их Сургуулийг түүхч мэргэжлээр дүүргэжээ.
Түүнтэй гэрлэсэн Ражва Аль Сэйф шашны хатуу дэгтэй Саудын Арабт төрж өссөн ч Өрнөдөд боловсрол эзэмшиж, Нью-Йоркийн Сиракюзын Их сургуульд архитекторын мэргэжил эзэмшсэн байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!