Монгол Улс намар болон хаврын улиралд дархлаажуулалтын 10 хоногийг зохион байгуулдаг.
29 дэх жилдээ болж буй дархлаажуулалтын 10 хоногоор энэ удаад "Улаанбурхан өвчнөөс хамтдаа сэргийлье" уриан дор 10 сартайгаас найман настай бүх хүүхдийг дархлаажуулахаар төлөвлөснөө өнөөдөр Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас мэдээллээ.
Тодруулбал, 2015 оноос 2022 оны наймдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг нэмэлт дархлаажуулалтад хамруулах аж. Үүнд зориулж, НҮБ-ын Хүүхдийн сангаас 450,000 ам.долларын үнэ бүхий 350,000 тун вакцин, дагалдах хэрэгслийг нийлүүлэхэд дэмжин ажилласан байна.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд "Энэ оны эхний таван сард дэлхийн 124 улсад улаанбурхан өвчний 145 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. Эрсдэлийн үнэлгээ хийхэд манай улсад улаанбурхан өвчин зөөвөрлөгдөх эрсдэл маш өндөр гэж гарсан.
Зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдолд 10 сартайгаас найман настай хүүхдүүд халдвар авах эрсдэлтэй байгаа. Иймд тавдугаар сарын 29-нөөс эхэлсэн дархлаажуулалтад хүүхдүүдээ идэвхтэй хамруулахыг иргэдэд уриалж байна" гэв.
ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте "Цар тахлын үед Монгол Улсад товлолын дархлаажуулалт өндөр явцтай байсан ч улаанбурхан, улаануудын эсрэг вакцины I тунгаас 40,000 хүүхэд, II тунгаас 60,000 хүүхэд хоцорсон байгаа нь ямар өндөр эрсдэл байгааг тодорхой харуулж байна.
Улаанбурхан өвчин нь нэгээс нөгөөд маш хурдан халддаг. Нэгэнт тархсан хойно нь эрүүл мэндийн тогтолцоог зохион байгуулах нь маш хэцүү. Тиймээс уг өвчин дэгдэхээс өмнө тогтолцоог бэхжүүлснээр илүү олон хүүхдийг аврах боломжтой" хэмээлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!