Ижил хүйстнүүдийн эсрэг дэлхийн хамгийн хатуу хууль Уганда улсад батлагдлаа
Ижил хүйстнүүдийн эсрэг хатуу хуулийг Уганда улсын ерөнхийлөгч Ёвери Мусевени баталсан тухай тус улсын албан ёсны эх сурвалж Даваа гарагт мэдээлжээ.
Угандагийн шинэ хуулийг бэлгийн цөөнхийн эсрэг дэлхийн хамгийн хатуу харгис хууль гэлцэж байгаа. Учир нь ижил хүйстний бэлгийн харилцаанд орсон хүмүүст цаазын ял, бүх насаар хорих ял зэрэг хатуу шийтгэл оноодог болж байгаа юм.
Угандагийн эрх баригчид уг хуулиа үндэсний үнэт зүйлсийг Өрнөдийн ёс суртахууны доройтлоос хамгаалах зорилготой гэж тайлбарлаж байна.
Шинэ хуулиар ижил хүйстэн гэдэг нь тогтоогдсон хүнийг шийтгэхгүй ч үйлдэл дээрээ баригдвал бүх насаар хоригдох ялтай болжээ.
Харин энэ үйлдэл нь давтагдсан бол цаазын ял оноох юм байна.
Ерөнхийлөгч Мусевени эхлээд цаазын ял оноох заалтыг хасуулахаар хуулийн төсөлд хориг тавьсан ч парламент нь хүлээж аваагүй юм.
Угандагийн хүний эрхийн байгууллагууд шинэ хуульд хориг тавиулахаар дээд шүүхэд хандаж байгаагаа өчигдөр мэдэгджээ.
Гадаадын улс орнууд ч Угандагийн эрх баригчдад шинэ хуулиа буцааж татахыг уриалж байна.
Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хүний суурь эрхэд бүдүүлгээр халдсан хуулиа буцааж татахыг Угандагийн талд уриалаад тус улсад үзүүлдэг тусламж, хөрөнгө оруулалтыг танаж болзошгүйг анхааруулжээ.
Мөн Уганда улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах, хуулийг батлахад оролцсон хүмүүст визийн хориг тавихаа мэдэгдсэн юм.
Европын Холбооны гадаад бодлогын тэргүүн Жозеп Боррел бас хуулиа буцааж татахыг уриалаад Уганда улстай харилцах харилцаанд бэрхшээл үүсэж болзошгүйг анхааруулжээ.
Угандад батлагдсан шинэ хуулиар зөвхөн ижил хүйстнүүд шийтгэгдэхгүй. Бас бусдын ижил хүйстний харилцааг мэдсэн ч цагдаад мэдээлэлгүй, нуун дарагдуулсан хүмүүс олон жилийн хорих ялаар шийтгүүлэхээр болжээ.
1962 онд Британийн колоничлолоос гарснаасаа хойш Уганда улс харилцан зөвшилцсөн ижил хүйстний харилцааг гэмт хэрэгт тооцож байгаагүй юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
