Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

"Их Долоо"-гийн удирдагчид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх Хирошимагийн үзэл баримтлалыг гаргав

Б.Бадамгарав, IKon.mn
2023 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг

-Япон улсын Хирошима хотоос мэдээлж байна-

"Их Долоо" бүлгийн удирдагчид цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар үзэл баримтлалыг өчигдөр гаргалаа.

Тэд эн тэргүүнд 77 жилийн турш цөмийн зэвсэг хэрэглээгүйн ач холбогдлыг онцолж, Оросын Холбооны Улс (ОХУ)-ын цөмийн зэвсгийн талаарх бодлогогүй яриа нь зэвсгийн хяналтыг алдагдуулж байгаа, Беларусь улсад цөмийн зэвсэг байрлуулах тус улсын санаархал нь хүлээн зөвшөөрөх боломжгүй зүйл болохыг мэдэгджээ.

Хирошимагийн үзэл баримтлалд цөмийн зэвсэг оршин байгаа нь зөвхөн хамгаалалтын зорилготой бөгөөд түрэмгийлэл, дайныг таслан зогсоох үзэл баримтлалд суурилдаг гэдгийг онцолсон байна.

Мөн "Их Долоо" бүлгийн удирдагчид цөмийн зэвсэггүй, бүгдэд аюулгүй, хариуцлагатай дэлхийг бий болгох эцсийн зорилготойгоо дахин нотоллоо.

Америкийн Нэгдсэн Улс болон Оросын Холбооны Улс хооронд байгуулсан стратегийн довтолгооны зэвсгийг бууруулах, хязгаарлах тухай гэрээг Москвагийн эрх баригчид зөрчих шийдвэр гаргасныг буруутгаж, гэрээгээр хүлээж буй үүргээ биелүүлэхийг шаардлаа. Үүнтэй зэрэгцэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс ил тод бусаар цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлж байгаа нь бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүйд санаа зовницгоож буйгаа илэрхийлэв.

Мөн аль ч улс орон цөмийн зэвсгийн ямар ч туршилт хийж болохгүйг тодотгож, энэ талаар заналхийлсэн үйлдлийг буруутган, Цөмийн зэвсгийн туршилтыг бүрэн хориглох тухай гэрээг хүчин төгөлдөр болгох нь тулгамдсан асуудал болж байгааг онцоллоо.

Умард Солонгосыг цөмийн зэвсэг, баллистик пуужингийн туршилт хийх зэргээр өдөөн хатгасан үйлдэл хийхээ зогсоохыг шаардаж, Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний дагуу тус улсыг хэзээ ч цөмийн зэвсэгтэй улсын статустай болохыг зөвшөөрөхгүй гэсэн байна.

Эцэст нь, цөмийн зэвсгийн хор хөнөөлийн талаар бодит байдлыг харуулдаг Хирошима, Нагасаки хотуудад олон улсын удирдагчид, залуу үеийнхнийг зочлохыг уриалж, цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэх талаар аливаа санаачилгыг сайшааж буйгаа илэрхийлэв.