Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Их Долоо” бүлгэм Украины асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргалаа

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 5 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Япон улсын Хирошима хотод эхэлсэн “Их Долоо” бүлгэмийн дээд хэмжээний чуулганы үеэр АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Канад улсын төрийн тэргүүнүүд Украины асуудлаар хамтарсан мэдэгдэл гаргалаа.

Уг мэдэгдэлд Украинд явуулж буй ОХУ-ын эзлэн түрэмгийлэх дайныг эрс буруушааж, Украины ард түмэнд үзүүлэх тусламж дэмжлэгээ тууштай үргэлжлүүлэхийг амлажээ.

Хамтарсан мэдэгдлийн товч агуулгыг дурдвал:

  • Олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн Украины нутаг дэвсгэрээс цэргийн хүч, зэвсэг техникээ ямар нэг нөхцөл болзолгүйгээр даруй гаргахыг ОХУ-ын эрх баригчдаас шаардав.
  • Запорожийн Цөмийн Станц зэрэг Украины нутаг дэвсгэр дээр оршдог цөмийн байгууламжуудын аюулгүй байдлыг хангах чиглэлд Олон Улсын Атомын Эрчим Хүчний Агентлагийг дэмжиж ажиллахаа амлалаа.
  • Оросын эзлэн түрэмгийллээс өөрийгөө хамгаалахад нь Украины засгийн газарт үргэлжлүүлэн туслахаа амлав.
  • Украины эдийн засагт шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэх, дайны дараах сэргээн босголтод олон улсын хамтын нийгэмлэгийг тэргүүлэн оролцох, үүнд санхүүгийн төрөл бүрийн арга хэрэгслийг ашиглахаа “Их Долоо” бүлгэм мэдэгдлээ.
  • Украины засгийн газрын санаачилсан авлигын эсрэг тэмцэл, шүүх засаглалын шинэчлэлтийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
  • Эзлэн түрэмгийлэх дайны санхүүжилтийг таслан зогсоох зорилготой ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүдээ улам чангатгахаар тохиролцжээ. Үүнд өөрсдийн эдийн засгаас ОХУ-ыг тусгаарлах, дайны ажиллагааг дэмжиж буй этгээдүүдийг шийтгэх, бусад улс орнууд дайнд материаллаг дэмжлэг үзүүлэхээс сэргийлэх механизм бий болгох, Оросын экспортын орлогыг таслан зогсоох зэрэг арга хэмжээнүүдийг дурдсан байна.
  • Украинд явуулж буй эзлэн түрэмгийлэх дайны хор хохирлыг бүртгэх системийг бий болгож, төлж барагдуулахад Европын Холбоо, НҮБ зэрэг олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаа илэрхийлэв.
  • Дайны гэмт хэрэгтнүүдэд хариуцлага тооцох чиглэлд Олон Улсын Эрүүгийн Хэргийн Шүүх зэрэг олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллахаа мэдэгдлээ.
  • ОХУ-ын Украинд явуулж буй дайны улмаас эдийн засаг нь доройтож, хүнсний хомсдол, хүмүүнлэгийн хямралтай тулгарсан ядуу буурай улс орнуудад үзүүлэх тусламж дэмжлэгээ нэмэгдүүлэхээр “Их Долоо” бүлгэмийн орнууд тохиролцжээ.

Хамтарсан мэдэгдлийн төгсгөлд “Их Долоо” бүлгэм Украинд иж бүрэн, бат бэх, тогтвортой энх тайван байдлыг аль болох богино хугацаанд тогтоохын төлөө бүх бодлого, арга хэрэгслээ дайчлан ажиллахаа амласан байна.

 

Эх сурвалж: Япон улсын Гадаад Хэргийн Яам