Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнам улсад агаарын температур түүхэн дээд хэмжээндээ хүрч халжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2023 оны 5 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Вьетнам улсад агаарын температур түүхэндээ байгаагүй өндөр хэмжээнд хүрч халсныг албаныхан мэдээлжээ.

Тус улсын умард бүсийн Тан Хоа мужид агаарын температур Ням гарагт Цельсийн +44 хэм хүрч халсан юм байна.

Вьетнамын өмнөх дээд халалт дөрвөн жилийн өмнө Ха Тин мужид бүртгэгдэхэд Цельсийн +43.4 хэм хүрч байжээ.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаашдаа агаарын халалтын дээд хэмжээ үргэлжлэн нэмэгдэх төлөвтэй байгааг цаг уурын мэргэжилтэн Нгуен Нгок Хуи өчигдөр Ханой хотод AFP агентлагийн сэтгүүлчтэй уулзахдаа ярьсан байна.

“Дээд халалт цаашдаа олон дахин давтагдана гэдэгт би итгэлтэй байна. Уур амьсгалын төсөөллийн экстрем загвар үнэн болох нь батлагдлаа” гэж тэр ярьжээ.

Сүүлийн өдрүүдэд Вьетнамаас гадна зүүн өмнөд Азийн бусад улс орнуудад агаарын хэт халалт бүртгэгдсээр байна.

Тухайлбал өнгөрсөн амралтын өдрүүдэд Тайланд улсын баруун бүсийн Мак мужид агаарын температур Цельсийн +44.6 хэм хүрч халсан нь бас түүхэн дээд өсөлт болжээ.

Мьянмар улсын зүүн бүсийн жижиг тосгонд бас агаарын температур дээд хэмжээндээ хүрч, Цельсийн +43.8 хэм хүрсэн байна.

Дээрх хоёр улсад жил бүрийн борооны улирлын өмнө хэт халалт ажиглагддаг ч ийм өндөр хэмд хүрч байгаагүй гэнэ.

Улс орнууд дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилт эхлэх үеийн дунджаас Цельсийн 1.5 хэмээс илүү өсгөхгүй байхаар тохиролцсон юм.

Гэвч энэ оны гуравдугаар сард энэ өсөлт 1.1 хэмийг давсан байна. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл 1.5 хэмийн өсөлтөд 2030-аад оны үед хүрэх төлөвтэй байгаа юм.

 

Эх сурвалж: BBC