“Үлгэрийн Цаг” аян маань энэ долоо хоногийн Баасан гарагаас Ням гараг хүртэл Шангри-ла молл-д 100 гаруй үлгэр, номын уншлага, илбэ мөн хүүхдийн оролцоот жүжиг зэрэг үзүүлбэрүүд орсон арга хэмжээг үнэ төлбөргүй зохион байгуулах гэж байна.
“Ирээдүйнх нь төлөө 15 минут” урианы доор явж буй төсөл маань 0-5 насны хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагчдад чиглэн, хүүхэдтэйгээ төрсөн цагаас нь хамт ном уншихын ач холбогдлыг таниулах зорилготой олон нийтийн нөлөөллийн аян билээ.
Бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд өдөр бүр олон зүйлийг амжуулах гээд завгүй, ачаалалтай байдаг. Тэгвэл энэ бүхний хажуугаар хүүхэдтэйгээ хамт ном уншиж, үлгэр ярьж өгөхөд өдөрт 15 минутыг зарцуулах нь хүүхдийн хөгжилд маш чухал ажээ.
Хүүхэдтэйгээ хамт ном уншсанаар таны хүүхдэд дараах эерэг өөрчлөлтүүд гардаг байх нь:
Бага насны хүүхдэд тогтмол ном уншиж өгснөөр хүүхдийн тархины хөгжлийн хамгийн идэвхтэй үед нь үгийн санг баяжуулж, өгүүлбэр эвлүүлэх зэрэг хэл ярианы чадварыг хөгжүүлдэг байна. Ингэснээр хүүхэд өөрийн үзэл санаа, бодол түүнчлэн сэтгэл хөдлөлөө өөрийнхөөрөө зөв илэрхийлж сурдаг ажээ.
Хүүхэдтэйгээ үлгэрийн ном унших явцад хүүхдийн оюун санаанд нэгэн сонирхолтой аялал өрнөдөг байна. Энэ аяллаар хүүхэд янз бүрийн нөхцөл байдал, адал явдлаар дүүрэн ертөнцөөр өөр өөр баатруудтай уулзсан мэт мэдрэмж төрдөг нь хүүхдийн төсөөлөн бодох хязгаарыг тэлж, бүтээлч сэтгэлгээг нь нэмэгдүүлдэг.
Ном, үлгэрт гардаг төрөл бүрийн дүрүүдийн ертөнцөөр аялж, тэдний адал явдалд умбаснаар хүүхдийн сэтгэл зүйн танин мэдэхүй хөгжиж сайжирдаг. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ойлгож, өөрийгөө бусдын оронд тавьж үзэн, бусдыг ойлгох чадвар төлөвшдөг байна. Үүнийг бид EQ буюу сэтгэл хөдлөлөө ажиглан, ойлгож, удирдах чадамж гэж нэрлэх болсон ба хувь хүний дасан зохицох, нийгэмших чадварт IQ буюу оюуны чадамжаас илүү чухал болох нь тогтоогдоод байгаа билээ.
Ном унших нь хүүхдийн тархинд анхаарал төвлөрөлт болон ой тогтоомжийн дасгал болдог учир ерөнхий сэтгэн бодох, танин мэдэхүйн чадварууд хөгжиж байдаг байна.
Үлгэр болон ном хамтдаа унших нь хүүхэд эцэг эх хоорондын харилцааг бэхжүүлж, дотно харилцааг бий болгоход тусалдаг, өөрөөр хэлбэл нэг төрлийн “хайрын хэл” болж өгдөг байна. Хамт ном унших үед хүүхэд хайрлагдсан, халамжлагдсан мэдрэмж авч эцэг эхтэйгээ илүү дотно дулаан харилцааны мэдрэмжийг авдаг ажээ.
Лоринет сангийн санхүүжилттэйгээр Азийн сангаас хэрэгжүүлж буй “Үлгэрийн цаг” олон нийтийн нөлөөллийн аяны коммуникаци, идэвхжүүлэлт дээр “Whyze” агентлаг хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ удаа 3 өдрийн туршид адал явдлаар дүүрэн ертөнцөөр өөр өөр баатруудтай уулзах үлгэрийн орны аялалд урьж байна.
“АВАРГА ТОМ ОРТОЙ- ҮЛГЭРИЙН ЦАГ” арга хэмжээ маань 5-р сарын 5,6,7-нд Шангри-ла моллын 1 давхрын дотор талбайд зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү арга хэмжээнд “Let’s read” цахим номын санд байрлаж буй үнэ төлбөргүй номуудыг тухайн өдрүүдэд өглөө 11 цагаас оройн 8 цаг хүртэл мэргэжлийн үлгэрч нар уншиж өгөх бөгөөд түүнээс гадна “Creative Bamboo Studio”-н хүүхдийн зохиомжит жүжиг ба Илбэчний үзүүлбэрүүд тавигдах болно.
Түүнчлэн Geren, Alphabook зэрэг хэвлэлийн газруудын хүүхдэд зориулсан бүтээлүүдтэй танилцаж болно. Тиймээс таныг энэ амралтын өдрүүдээр бидний арга хэмжээнд хүрэлцэн ирж хүүхэдтэйгээ цагийг чанартай, хөгжилтэй, үлгэртэй өнгөрүүлэхийг урьж байна.
Арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орон аваарай.
“Аварга том ортой Үлгэрийн цаг” Арга хэмжээний Facebook хуудас
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!