Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/05/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Хиймэл оюуны загалмайлсан эцэг” технологийн аюул эрсдэлийг анхааруулав

Р.Түвшин, iKon.mn
2023 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Доктор Жоффри Хинтон

Олны дунд “Хиймэл оюуны загалмайлсан эцэг” хэмээн өргөмжлөгддөг эрхэм уг технологийн аюул эрсдэлийн талаар анхааруулжээ.

Доктор Жоффри Хинтон 2012 онд Торонтогийн их сургуульд байхдаа хоёр оюутны хамт хүний тархины зарчмаар ажилладаг систем зохион бүтээж байсан юм.

Тэрбээр саяхан хиймэл оюуны технологийн аюулын талаар үгээ чөлөөтэй хэлэхийн тулд Google компаниас гарсан байна.

Одоо 75 настай Хинтон тус компанийн хиймэл оюуны технологи хөгжүүлэх төсөл дээр сүүлийн арав орчим жил ажиллажээ.

Түүний үзэж байгаагаар хиймэл оюунт системүүд удахгүй хүнээс илүү ухаалаг болох ба муу санаат хүмүүс үүнийг буруугаар ашиглах боломж улам нэмэгдэх гэнэ.

“Асар их хэмжээний текстийг автоматаар үүсгэх чадвар нь маш ухаалаг ажиллагаатай ботуудыг бий болгох эрсдэлтэй. Ингэвэл дарангуйлагч нар сонгуулийн үр дүнг өөрчлөх зэргээр ашиглах боломжтой болох юм” гэж Хинтон ярьжээ.

Тэрбээр цааш нь “Бидний хөгжүүлж буй хиймэл оюун ухаан нь бидний өөрсдийн оюун ухаанаас тэс өөр юм байна гэсэн дүгнэлтэд би хүрсэн. Тухайлбал 10,000 хүн байлаа гэхэд тэдгээрийн нэг нь л ямар нэг зүйлийг сурахад бусад нь бас автоматаар мэддэг болно гэсэн үг. Тиймээс хиймэл оюунт чатботууд аль ч талаараа хүнээс илүү гарах нь тодорхой” гэсэн байна.

Хиймэл оюунаар бүтээсэн зураг, дүрс интернэтийг дүүргэснээр аль нь үнэн бодитойг ялгаж салгах боломжгүй болохыг хамгийн ойрын үед тулгарах том аюул гэж Хинтон дүгнэжээ.

Энэ үйл явц хэдийнээ эхлээд байгааг тэр бас анхааруулсан юм.

Мөн хүмүүсээс олон мянган ажлын байрыг роботууд булаах эрсдэл ойрхон болсонд сэтгэл зовж яваагаа тэр "Нью-Йорк Таймс" сонинд ярьсан байна.

Хинтонтой адил үзэл бодолтой судлаачид, мэргэжилтнүүд сүүлийн үед хиймэл оюуны технологид нэгдсэн зохицуулалт шаардлагатай болсныг анхааруулсаар байгаа. Тэдний нэг нь дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Илон Маск юм.

Google-ийн шинжлэх ухаан хариуцсан дэд ерөнхийлөгч Жэфф Дин хуучин хамтрагчийнхаа хэвлэлд өгсөн ярилцлагатай холбогдуулан мэдэгдэл гаргажээ.

“Олон жилийн турш надтай санаа бодлоо уралдуулж байсан түүнд би гүнээ талархдаг. Би түүнийг цаашдаа үгүйлэх болно. Түүний ирээдүйд нь сайн сайхныг хүсье! Бид хиймэл оюун ухааны зарчмуудыг тодорхойлсон анхны компаниудын нэгийнхээ хувьд уг технологид үргэлжлүүлэн хариуцлагатай хандах болно. Бид шинээр гарч ирж буй эрсдлүүдээс суралцахын зэрэгцээ шинэчлэлтийг зоригтой нэвтрүүлэхээр ажиллаж байна” гэж тэр мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian