Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан 12 дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдрийн үдээс хойших шүүх хуралдаанаар “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн "ТОСК-аар дамжуулан авсан Хөгжлийн Банкны зээлийн асуудлыг хэлэлцэв.
Энэ үеэр тус компанийн захирал Ц.Ууганбаяраас Хөгжлийн Банкны төлөөлөгч Гүрбазар асуулт асууж, хариулт авлаа.
- Эксим банкнаас зээл олгох нөхцөл шаардлагыг биелүүлээгүй гол буруутан хэн бэ?
- Манай компани одоо хүртэл хохирчхоод явж байгаа. Миний бодлоор ТОСК буруутай.
- Та төсөл санаачлагч, хэрэгжүүлэгчийн хувьд Хөгжлийн Банк, ТОСК хоёр төрийн байгууллага хоорондын зээлийн гол буруутан юм биш үү?
- Таны цуцалсан баталгаа, ханшийн өсөлт, битүүмжтэй гэж хэлчхээд оруулаагүй мөнгө гээд бүх юмны мөнгийг би хариуцаад иргэний шүүхээр яваад дууссан. Хөгжлийн Банк зээлийн баталгаа гаргачхаад цуцалсан. Цуцалдаг баталгаа гэж байхгүй. Та зээлийн баталгааг цуцлуулсан хүний нэг хэмээн ярьж байна. Тэгэхээр та энэ төслийг гацаасан хүний нэг.
Манай аваагүй зээлийн маань ханш 40 хувь өссөн байсан. Тийм байхад та нар дахиад үзэх шаардлага тавьсан.
Бүх хугацаанд явсан мөнгийг иргэний шүүхийн маргаанаар дуусгавар болгоод төлбөрийг нь төлсөн. Арилжааны зээл аваад явсан бол энэ төсөл аль эрт дуусаад бүрэн ашиглалтад орох байсан.
- ТОСК зүгээр байсан байгууллага, Танай баталгааны асуудал 2012 оноос эхэлж 2019 онд цуцлагджээ. Гэтэл 2012 оноос эхэлсэн асуудалд ТОСК-ыг Засгийн газрын тогтоолын дагуу оруулж, гэрээ байгуулах замаар танай төслийг санхүүжүүлсэн байна. Төрийн байгууллагууд ажлаа бүрэн хийжээ. 2015 оноос нөхцөл шаардлагаа хангаж чадахгүй байтал банк 18 сарын дараа татсан асуудал байгаа. ТОСК-ын битүүмжтэй байсан мөнгөөр танайх зээлээ төлүүлчхээд байгаа юм биш үү?
- ТОСК биднийг татаж оруулсан. Тухайн үед гаднын зээлээ хөөцөлдөөд бүтээсэн компани байхгүй. Миний мэдэх 10 гаруй компани зээл хөөцөлдсөн. Хөгжлийн Банк дөнгөж байгуулагдчихаад баталгаа цуцалсан учир цаашдаа муу жишиг тогтоохгүйн тулд ТОСК бидэнд санал тавьсан.
Би ТОСК-тай хамтарч ажилласандаа харамсаж байна. Өөрийнхөөрөө явсан бол илүү мөнгө төлөөд суухгүй байсан байх. Зээлийн шаардлага хангаагүй газартай гаднын банк зээлийн гэрээ зурдаггүй юм. Манайхаас шимтгэл авдаггүй, Монгол шиг биш.
Чи нөхцөлөө аваад ир гэсэн. Наад мөнгийг чинь зарцуулаад юмаа хийхгүй юм уу гэхэд үгүй ээ битүүмжтэй байгаа ашиглаж болохгүй гэсэн ТОСК-ын санаагаар ийм зүйл болсон.
Эцсийн дүндээ зээлийн гэрээ, компани, бүгдийг ТОСК-ын өмч болгох санаа байсан юм шиг байна. Би сайн тааж мэдэхгүй. Сүүлдээ өгсөн, өгөөгүй ч юм шиг зээл нь гацаад байдаг. Би хилийн хоригтой байгаа. Нөгөө төлсөн зээлийн шимтгэлээ авч ирмээр байна.
- Иргэний хэргийн шүүх хурлаар төсөл хэрэгжүүлэгч 61 тэрбумаа төл гээд, гэрээ байгуулсан ТОСК юунд ч оролцоогүй атал 21 тэрбумыг төлөх шийдвэр гарсан. Битүүмжтэй хугацааг дахин сунгаад өнөөдрийг хүртэл байлгах байсан уу, Банк батлан даасан хугацаагаа сунгасан бол зээл олгох нөхцөлөө хангаж чадахаар байсан уу?
- Бидний гарын үсэг, төлбөрийн таамаг, тамга байхгүйгээр арванхоёрдугаар сарын 20-ны өдөр дансанд байсан мөнгө маань байхгүй болсон. Энэ мөнгөө ашиглуулахгүй бол буцааж аваад манай барьцааг өгөөч гэж Хөгжлийн Банканд хэлж байсан. Эцсийн дүндээ би хохирч байна. Та нар манай гарын үсэггүйгээр гүйлгээ хийсэн учир буруутаж байгаа. Энэ маргааныг Хөгжлийн Банк дандаа хойшлуулдаг. Нэг хүн хариуцаж байгаад дахиад шинээр эхэлдэг. Танай банк шийдвэр гаргахгүй нөхцөлөөс болж бид ингээд явж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!