“Газрын ховор элементийн судалгаа, аж үйлдвэржилтийн сэргэлт” эрдэм шинжилгээний хурал Шинжлэх Ухааны Академи (ШУА)-ийн байранд өнөөдөр болж байна.
Энэ үеэр Монгол орны газрын ховор элементийн судалгаа, түүний хэрэглээ, ач холбогдол, бодлогын талаар эрдэмтэн, судлаачид санал солилцож, илтгэл танилцуулсан юм.
"Газрын ховор элементийн олон улсын чиг хандлага ба Монгол Улсын боломж, сорилт" сэдвээр Үйлдвэр худалдааны сайд асан, доктор Ц.Даваадоржийн танилцуулсан илтгэлээс хүргэж байна.
Тэрбээр "Газрын ховор элементийг "ховор" гэж ярьж байгаа боловч үүслээрээ дэлхийд жигд тархсан. Гэхдээ олборлолтоос нь шалтгаалж, "ховор" хэмээн хэлж байгаа.
Арван жилийн өмнөх нөхцөл байдлыг харвал, Хятад улс газрын ховор элементийн гол экспортлогч байсан. Хятадад газрын ховор элементийн 5-6 орд бий. Тухайн үед 96 хувийг нь Хятад улс гаргаж байсан бол одоо 60-70 хувийг нь гаргаж байна. Тэгвэл өнөөгийн байдал ямар байгаа вэ? Тухайлбал, Австрали, Мьянмар, Африкийн Бурунди болон АНУ нь экспортлогч болдог.
Австралийн эрдэс баялгийн бодлогыг та бүхэн мэдэх байх. Тэд өөрсдөө гүн боловсруулалт хийдэггүй. Түүхий эдийг голдуу баяжуулж, энэ түвшинд нь цааш эргэлтэд оруулдаг. Түүнчлэн газрын ховор элементийн импортод ч Хятад улс төвлөрдөг. Яагаад гэвэл, Хятад өөрөө томоохон хэрэглэгч болсон.
Газрын ховор элементийг боловсруулах технологийг Хятад, Герман, АНУ, Австрали, Вьетнам, Бразил, Мьянмар болон Африк зэрэг цөөн улс эзэмшдэг.
Газрын ховор элементийн замын зураг нь
Гүн боловсруулалтыг хаана хийдэг вэ гэвэл, Францын “Solvay”, Эстонийн “Silmet” компани хийдэг. Эстони нь Шведийн хуучин байгуулсан химийн үйлдвэр. Сүүлд ЗХУ-ын ураныг боловсруулж байсан гол химийн үйлдвэр юм.
Дэлхий дээрх газрын ховор элементийн хамгийн сайн орд Америкийн Mountain pass, Хятадын Bayan Obo юм байна. Энэ хоёр орд гол тулгуур нь гэж хэлж болно. Үүнд манай ордууд бичигдээгүйгээс харахад бидэнд ямар их ажил шаардлагатай нь харагдаж буй. Нийлүүлэлтийн сорилт, үйлдвэрлэлийн сорилт, улс төрийн сорилтууд тулгардаг" гэлээ.
"Геологийн хүрээнд хийгдсэн газрын ховор элементийн судалгааны шинэлэг үр дүн" илтгэлийг ШУА-ийн Геологийн хүрээлэнгийн доктор Н.Тунгалаг танилцуулсан юм.
Энэ талаар "Газрын ховор элементийн томоохон ажлууд манай хүрээлэнгээс эхтэй. ШУА-ийн Геологийн хүрээлэн болон Солонгосын Геосудлал эрдэс баялгийн хүрээлэн хамтран 2010-2012 оны хооронд судалгаа хийсэн. Энэ ажил нь Монгол орны төв ба баруун өмнөд "Монголын металлогений бүсийн геологи, эрдэс баялгийн судалгаа" нэртэй ажил байсан. Уг ажлын хүрээнд бид 30 гаруй газрын ховор элементийн талбайд судалгаа хийсэн.
Түүнчлэн Ханбогдын шүлтлэг массиваас газрын ховор элемент агуулсан цикроны силикат нэгдэл “Армстронгит” болон ниоби агуулсан “Монголит” гэсэн шинэ эрдэс нээж олон улсын эрдэс судлалын ассоциациар баталгаажуулсан.
1971 онд хийсэн эрдэм шинжилгээний судалгааны ажлаар Лугийн голын массивын шүлтлэг нефелинт-сиенитэд агуулагдаж байгааг баталсан. Бид 2021 онд Баруун Лугийн гол дээр судалгаа хийх боломж гарсан. Тэнд эрдсийн бүрэлдэхүүн, эрдсийн химийн найрлагыг тогтоосон судалгааг хийсэн. Улмаар Баруун Лугийн голд 20 гаруй эрдсийг тогтоосон байгаа. Манайд тогтоогдсон хүдэржилтийн төрлүүд нэлээд бий.
Өмнөх илтгэл дээр дурдагдсанаар нүүрс, нүүрсний хог хаягдалд газрын ховор элементийн боломжит эх үүсвэр байна. Манай улс нүүрсээр баялаг учраас үүнийг судлах боломжтой" хэмээн хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|