ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

"Төсвийн шинэчлэлийн тухай хуулийн төсөлд төлөвлөлтийн шатнаас нь иргэдийг оролцуулахаар тусгасан"

Н.Эрхбаяр, iKon.mn
2023 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Төсвийн шинэчлэлийн тухай хууль"-ийн талаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тайлбар өглөө. 

Тэрбээр "УИХ-ын 30 гаруй гишүүний зүгээс "Төсвийн тухай хууль", "Төсвийн тэнцвэртэй байдлын тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах талаарх хуулийн төслийн өргөн барьсан. 

Сүүлийн 15 жилийн хугацаанд үндсэн хууль гэж хэлж болохуйц "Төсвийн тэнцвэртэй байдлын тухай хууль"-д 13 удаа өөрчлөлт оруулсан байна. Энэ нь төсвийн сахилга бат гэх зүйлийг байхгүй болгосон. Үүнээс болоод төсөв алдагдалтай, улс төрчдөд зориулж батлагддаг. Төсвийн алдагдлыг өрөөр санхүүжүүлдэг асуудал үүссэн. Тиймээс цаашдаа цэг тавих, шинэчлэлт хийх хэрэгцээ шаардлага байна гэсэн үг. 

Хууль батлагдсанаар төсвийн ил тод байдал, хяналтын асуудал яригдана. Өнгөрсөн 10 жилд мэдээллийн ил тод байдал учир дутагдалтай байна. Тиймээс төсвийн шинэчлэлийн тухай хуульд дөрвөн том бодлогын зүйл байгаа. Үүнд: 

  1. Төлөвлөлт болоод боловсруулалтын шатнаас нь иргэдийг оролцуулдаг байх. Гуравдугаар сарын 31-нээс иргэд өөрсдөө оролцдог. Түүнд нь аудитын байгууллага хяналт шалгалт тавина. 
  2. Төсвийн шинэчлэлийн хүрээнд төсвийн тэнцвэртэй байдлыг мөрддөг байх. Төсвийн хуулийг өөрчилдөггүй, сахин мөрддөг, түүнд тусгагдсан байгаа өр, зээлийн хязгаарыг заавал мөрддөг болно. УИХ-аас тус хуульд өөрчлөлт оруулахаар бол ирц бүрдсэний дараа хэлэлцэнэ. 
  3. Төсвийг төлөвлөн оруулж ирэхэд хариуцлага тооцдог байх, ажлаас нь чөлөөлдөг байх эрх зүйн зохицуулалтыг орж ирсэн. Хэрэв татвар төлөгчдийн мөнгөөр үр ашиггүй зарцуулалт хийж, зориулалтын бусаар зарцуулсан бол ажил, албан тушаалаас нь чөлөөлөх зохицуулалтыг хийсэн. 
  4. Өрийн удирдлагын тухай хуульд цаашид гадаад өрийг хязгаарлах, гадаад зээл тусламжийг авбал түүнийг зарцуулах, ангиллын асуудлыг гаргаж ирж байгаа. 

Төсвийн батлагдах хугацааг 75 хоног болгосон. Энэ нь төсвийн цаглаврыг урагшлуулж, иргэний нийгмийн байгууллага, аудит, төсвийн тогтвортой байдлын зөвлөл хангалттай хугацаанд дүн шинжилгээ хийгээд бидэнд хүргүүлдэг болно. Хамгийн гол нь олон нийтэд мэдээлэх юм" хэмээн ярилаа.