Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

Банкны системийн хэмжээнд чанаргүй зээл өмнөх сараас 221 тэрбум төгрөгөөр буюу 11% өсжээ

Б.Билгүүн, iKon.mn
2023 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Mөнгөний нийлүүлэлт 2023 оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 30.2 их наяд төгрөг болжээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс дөрвөн их наяд төгрөгөөр буюу 15.2% өсөхөд валютын харилцах 2.7 их наяд төгрөгөөр, валютын хадгаламж 1.6 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв. 

Харин бага мөнгө 2023 оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 6.5 их наяд төгрөг болж, өмнөх сараас 103.7 (1.6%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 1.0 (19.1%) их наяд төгрөгөөр өссөн аж.

Түүнчлэн гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2023 оны хоёрдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.2 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 208.1 тэрбум төгрөгөөр буюу 20%, өмнөх оны мөн үеэс 208.8 тэрбум төгрөгөөр буюу 20.1%-аар өссөн үзүүлэлттэй гарчээ. 

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл хоёрдугаар сарын эцэст 2.2 их наяд төгрөг болсон байна. Энэ нь өмнөх сараас 221.5 (10.9%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 89.7 (4.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.9 хувийг эзэлж байна.

Төгрөгийн хадгаламж энэ оны хоёрдугаар сарын эцэст 12.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 143.9 (1.1%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 1.4 (9.5%) их наяд төгрөгөөр буурчээ.

Харин валютын хадгаламж 5.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 305.6 (5.6%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 1.6 (38.7%) их наяд төгрөгөөр өсжээ.