Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/16-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Дэмбэрэлдорж: Намайг томилогдохоос өмнө "Каракум" ХХК-д олгох ₮2 тэрбум 58 саяын зээлийг баталчихсан байсан

Э.Намуунцэцэг, iKon.mn
2023 оны 3 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Хөгжлийн Банкны сонсголоор орон нутагт ЖДҮ-ийг нэмэх замаар ажлын байр бий болгоход 50 тэрбум хүртэлх төгрөгийн санхүүжилт олгосон асуудлыг хэлэлцэж байна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирлаар 2011 оны арваннэгдүгээр сараас 2012 оны есдүгээр сар хүртэл ажилласан Д.Дэмбэрэлдорж гэрчээр дуудагдан ирж, түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуултад хариулав. 

-ЖДҮ-ийг хөгжүүлэх чиглэлээр улсын төсвөөс олгох хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмын 1.4-т нэг зээлдэгчид 500 сая хүртэлх зээл олгоно гэж заасан байдаг. Гэтэл энэ журмыг зөрчиж, санхүүжилтээс дөрөв дахин их мөнгийг "Каракум" ХХК-д олгожээ. Үүнд тайлбар өгнө үү?

-2011 оны арваннэгдүгээр 14-ний өдөр намайг захирлаар томилогдон очихоос өмнө ЖДҮ-ийг дэмжих сангийн Зээлийн хороо нь хуралдаж, олгох ёстой зээлийн жагсаалтыг баталчихсан байсан.

Тухайн жагсаалтаар батлагдсан зээлүүд нь арилжааны банкныхаа шаардлагыг хангасан бөгөөд санд байгаа хөрөнгөнөөс 48 тэрбум төгрөгөөр илүү байв. Өөрөөр хэлбэл, санд байхгүй хөрөнгөөр зээлийн зөвшөөрлийг олгосон гэсэн үг. 

Миний үүрэг гэвэл шаардлага хангасан ААН-үүдэд зээлийн санхүүжилтийг олгох байсан юм. 

Зээлийн эх үүсвэр судлах зорилгоор нэгдүгээрт, арилжааны банкнуудын зээлүүдийг шахаж, 20 тэрбум орчим төгрөгийн эргэн төлөлтийг оруулж ирсэн. Түүнчлэн Сангийн яамны Гадаадын зээл тусламжийн газрын орлогч даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Т.Дорхжандад баярлаж явдаг. 

Нийслэлд 500 хүртэлх сая төгрөг, 500-аас дээш сая төгрөгийн зээлийг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас олгодог байсан гэж санаж байна.  

Тухайн үед манай улсад 6,000 орчим ЖДҮ эрхлэгч байсан бол одоо бол байхгүй болсон. 

 Олон улсын стандартын дагуу хөөцөлдөж явсны үр дүнд 50 тэрбум төгрөгийн зээлийн шугам нээж өгөөд 2012 онд хүлээлгэж өгч байв. 

"Каракум" ХХК-ийн зээлийг бол санахгүй байна. Миний ажилласан Зээлийн хорооны шийдвэрийг хүчингүй болгоод шинэ сайд нь багаа бүрдүүлээд зээл олгоод явсан юм билээ. 

Мэдэгдлийн хувьд арилжааны банкнуудаас бичиг ирсэн тохиолдолд хариу хүргүүлдэг. 

-Таны хувьд Зээлийн хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэлээ. Зээлийн хорооны дарга нь хэн байсан бэ? 

-Миний бодлоор тухайн үед ТНБД нь ахалдаг байсан санагдаж байна. 

Үргэлжлүүлэн Б.Энхбаяр "Тийм учраас шинжээч Хөдөлмөрийн яамны ТНБД асан П.Гантулгыг дуудсан юм байна. Гэсэн хэдий ч П.Гантулга нь "Албан тушаалаас чөлөөлөгдсөн учир сонсголд оролцох шаардлагагүй" гэсэн албан бичгийг ирүүлсэн. Хэдийгээр өөрөө холбоогүй шаардлагагүй гэсэн ч зайлшгүй тодруулах хэрэгтэй байж. Сайдынхаа баталсан журмыг зөрчиж зээл олгосон асуудал яригдаж байна" гэв. 

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/610493150451091