Уншиж байна ...
Зураг
Зураг

Б.Батбилэг: ЗТХ-ийн сайд асан Л.Халтарт холбогдох хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нүүрсний хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцын мэдээллийг танилцуулах үеэр Тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Нүүрсний гэх хэрэгт холбогдуулан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Л.Халтарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэсэн мэдээлэл байна. АТГ-аас шалгаж байгаа хэрэг байгаа болов уу?

-Нэр дурдсан албан тушаалтанд холбогдох гомдол мэдээлэл ирсэн. Энэ дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй албан тушаалтан болон асуудал, гарч байгаа үр дүнг нууцлаагүй.

Тухайн асуудалд мөрдөн шалгах ажиллагааг явуулах явцад прокурорын байгууллагаас зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Тиймээс хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Өмнө нь мэдээлэл хийж байхдаа УИХ-ын зургаан гишүүний нэрийг дурдаж байсан. Тэр зургаан гишүүн гэж ойлгож болох уу. Үлдсэн гурван гишүүний нэрийг тодруулаад хэлээд өгөөч. Яагаад үлдсэн гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт тавих боломжгүй юм бэ. Мөрдөн шалгах ажиллагаанд саад хийсэнд ямар хүчин зүйл байгааг тайлбарлаад хэлээд өгөөч

-Нэр бүхий 6-7 УИХ-ын гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Өнөөдрийн мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүн, төлөвлөлтийн хүрээнд нэр дурдсан гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлүүлэх саналыг улсын ерөнхий прокурорт хүргэж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны цаашдын явц, үр дүнд дараагийн гишүүдэд бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэл гарвал прокурорт саналаа хүргүүлж, шийдвэрлүүлнэ.

Мөрдөх байгууллагаас УПЕГ-т УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа хүргүүлнэ. УПЕГ-аас УИХ-д манай буюу мөрдөх байгууллагын саналыг уламжилдаг. Прокурорын саналыг УИХ хүлээж аваад хуульд заасан хугацааны дотор шийдвэрлэх зохицуулалттай.

-Бүрэн эрхийг түдгэлзүүлэх процессын ажиллагаа явагдаад цаг хугацаа өнгөрөөд байна. Энэ хооронд хэргээ нуун далдлах боломж байгаа юу. Энэ асуудалд АТГ ямар хяналт тавьдаг вэ?

-Тийм нөхцөл байдал үүсэж байгаа. Мөрдөн шалгах болон тодорхой ажиллагаануудыг хийхэд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийн асуудал хөндөгдөх учраас прокурорт саналаа хүргүүлж байгаа юм.

-Нүүрсний хулгайн хэрэгт холбогдоод гадагшаа гараад явчихсан хүмүүс таван Ш ажиллагааны хүрээнд буцаан авчирна гэдэг ч юмуу алинд нь хамаарч байгаа вэ, боломжтой бол гадагшаа явсан хүмүүсийн нэрийг хэлээд өгөөч

-Нүүрсний хэрэгт шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүсээс мөрдөн шалгах ажиллагаа эхлэхээс өмнө эхэлсний дараа хилээр гарсан хүмүүс бий. Эдгээр хүмүүсийг олон улсын эрх зүйн зохицуулалт, цагдаагийн байгууллага, интерполоор дамжуулан эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байгаа. Засгийн газрын шувуу ажиллагаатай холбогдуулан энэ ажиллагаанууд үргэлжлэн явагдана.

Нүүрсний хэрэгт мөрдөн шалгагдаж байх үедээ Удаанжаргал гэж хүн гадагшаа гарсан. Өөр хүмүүсийн мэдээллийг өгөх боломжгүй.