Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/03/03-НД НИЙТЛЭГДСЭН

"Малын индексжүүлсэн даатгал нь үндэсний хэмжээний гамшгаас хамгаалах зорилготой"

ikon.mn
2023 оны 3 сарын 3
Сурталчилгаа
Зураг зураг

Үндэсний давхар даатгал ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Жавхланттай Малын индексжүүлсэн даатгалын явц болоод ач холбогдлын талаар ярилцлаа.

- Мал төллөлт ид явагдаж буй энэ үед Үндэсний давхар даатгал ХК-ийн нэг үндсэн бүтээгдэхүүн болох Малын индексжүүлсэн даатгал (МИД) бүтээгдэхүүний талаар яриагаа эхлүүлэх нь зөв байх. МИД нь ямар ач холбогдолтой бүтээгдэхүүн бэ?

МИД бол манай улсын нийгэм эдийн засагт ихээхэн чухал чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн. Улс орон бүр өөрсдийгөө үндэсний хэмжээнд тохиолдож болох байгалийн гамшигт үзэгдлүүдээс хамгаалдаг тогтолцоотой. МИД манай улсын хувьд гамшгийн эрсдэлийн тогтолцооны эхлэл болсон бүтээгдэхүүн гэж хэлж болно. Яагаад гэвэл мал аж ахуйн салбар эдийн засагт эзлэх хэмжээгээрээ уул уурхайн салбар шиг үлэмж биш боловч нийт хөдөлмөрийн насны хүн амын 40 гаруй хувь нь ажилладаг, 188 мянган малчин өрхийн амьдрал шууд хамаардаг, стратегийн ач холбогдолтой салбар юм. Ган зуд зэрэг байгалийн гамшиг тохиоход 188 мянган өрх эрсдэлд өртдөг гэсэн үг. Байгалийн гамшиг тохиож мал сүрэг хорогдоход ядуурал нэмэгдэж, хот руу чиглэсэн нүүдэл нэмэгдэх зэрэг олон сөрөг үзэгдлүүд дагадаг. 1990 оноос өмнө малын уламжлалт даатгал тухайн үед нэгдэлд хамаардаг байсан мал сүргийг хамгаалдаг байсан ч зах зээлийн эдийн засагт шилжиж, мал ч, даатгалын салбар ч хувийн хэвшилд шилжсэнээр энэ хамгаалалт алга болсон юм.

Ингэж явсаар 2001-2002 оны зуд нүүрлэж, НҮБ-ын төлөөлөгчид ирж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зудыг байгалийн гамшигт үзэгдэл гэж бүртгэж авсан юм. Үр дүнд нь энэ гамшигт үзэгдлээс үндэстнийг хамгаалах тогтолцоо бий болгох олон улсын төсөл хөтөлбөрүүд эхэлсэн. Ингээд Дэлхийн банкны санхүүжилтээр 2006 оноос МИД төсөл эхэлж, 2014 оныг дуустал амжилттай хэрэгжиж, 21 аймгийг хамарсан МИД-ын тогтолцоог бий болгож чадсан. Улмаар 2014 онд МИД-ын хууль батлагдаж, одоогийн Үндэсний давхар даатгал ХК, тухайн үеийн Хөдөө аж ахуйн давхар даатгал ХК-ийг байгуулагдсан түүхтэй.

“Өнөөдөр бид 13.6 тэрбум төгрөгийн үндэсний хэмжээний хохирлыг дангаараа нөхөн төлөх чадвартай тогтолцоог бий болгож чадсан”

- Үндэсний давхар даатгал ХК иргэдэд үйлчилгээ үзүүлдэггүй. Тэгвэл МИД даатгалтай хэрхэн яаж холбогддог юм бэ?  

Аливаа улс орныг үндэсний хэмжээний гамшгаас нэг эсвэл хоёр даатгалын компани хамгаалах боломжгүй. Яагаад гэвэл үндэстнийг хамарсан гамшгийн эрсдэлийг үүрэх санхүүгийн хүчин чадалтай нэг хоёр компани гэж байхгүй. Тэгэхээр давхар даатгалын компани бий болж, арилжааны даатгалын компаниуд хамтран ажиллаж байж, үндэстний хэмжээний гамшгаас хамгаалах тогтолцоо бий болдог. 1990 оноос хойш зудын эрсдэлээс хамгаалах даатгалын тогтолцоо байхгүй байсан нь үүнийг хийх ёстой давхар даатгалын компани байгаагүйтэй холбоотой юм.

Өнөөдөр МИД гэсэн бүтээгдэхүүнийг малчдад санал болгож буй 8-9 даатгалын компани бий. Эдгээр даатгалын компаниуд хамтдаа хамтын эрсдэлийн санг үүсгэж, санд оруулсан хувь хэмжээгээрээ даатгалын хураамжаа цуглуулж, эрсдэлээ үүрээд явдаг. Энэ санг нь Үндэсний давхар даатгал ХК давхар даатгадаг. Давхар даатгасан хэсгийнхээ тодорхой нэг хэсгийг бид ахиад дэлхийн шилдэг даатгалын компаниудын нэг болох францын SCOR компанид даатгуулдаг. Энэ хамтын ажиллагааны үрээр өнөөдөр бид 13.6 тэрбум төгрөгийн үндэсний хэмжээний хохирлыг дангаараа нөхөн төлөх чадвартай тогтолцоог бий болгож чадсан. 2020-2021 оны өвөл олон аймагт өвөлжилт хүндэрсэн. Тэр жилд гэхэд л Үндэсний давхар даатгал ХК 2.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг малчдад олгосон байдаг.

зураг
 

- МИД-ын хувьд индекс гэж яаг юуг хэлж байна вэ?

Монгол Улс социализмын үед нэгдлийн мал сүргийг уламжлалт аргаар даатгадаг байсан. Уламжлалт арга гэдэг нь тухайн малчны малыг зүсэлж тоолоод учирсан хохиролд нь нөхөн төлбөр олгоно гэсэн үг л дээ. Гэвч энэ тохиолдолд тухайн хорогдсон мал үнэхээр гамшгаас болж хорогдсон уу үгүй юу гэдгийг буюу хохирлыг тогтооход төвөгтэй байдаг бөгөөд энэ нь даатгагч нарт ашиггүй талтай. 1990 оноос хойш малын даатгалын бүтээгдэхүүн байхгүй болсон нь үүнтэй холбоотой.

МИД нь нэг малчны хотонд гарсан хохиролд биш нийт сумын малын төрөл тус бүрийн хорогдлоос хувь тооцож нөхөн төлбөр олгодог. МИД төсөл 2006 онд эхлэхэд гадаадын мэргэжилтнүүд Монгол Улсын мал сүргийн тоо толгой, төрөл, тэдгээрийн өсөлт хорогдлын 1945 оноос хойших мэдээлэл дээр үндэслээд суурь индексийг тооцож гаргасан. Энэ нь тухайн аймаг, суманд малын хорогдлын зөвшөөрөгдсөн хэмжээ гэсэн үг бөгөөд аймаг бүрээс шалтгаалаад 5 -6% байдаг. Энэ индекс нь хэд хэдэн түвшинтэй. Малчны даатгуулсан малын төрлийн хорогдлын хэмжээ нь сумын нийт тухайн төрлийн мал сүргийн дээр дурдсан 5 эсвэл 6 хувийг давсан тохиолдолд малчинд нөхөн төлбөр олгогддог бөгөөд эрсдэлийг нь арилжааны даатгалын компаниуд болон манай Үндэсний давхар даатгал ХК хамтран хүлээдэг. Харин энэ хувь 25%-30% болж өсөх тохиолдолд олон улсын давхар даатгагчид орж ирнэ.

- Олон улсад ингэж үндэсний хэмжээний гамшгаас хамгаалдаг МИД төсөөтэй бүтээгдэхүүн бий юу?

Дэлхийн улс орнуудын хувьд хөдөө аж ахуйн салбарт индексэд суурилсан даатгал түгээмэл ашиглагддаг. Жишээлбэл, цагаан будаа тариалдаг Зүүн өмнөд Азийн улс орнуудын хувьд тухайн жилд орох хур тунадасны хэмжээг суурь индексээ болгож авдаг бол улаан буудайн тариалдаг Европын орнууд гэхэд нарны индекс ашигладаг. Өөрөөр хэлбэл улс орон бүр өөрсдийн эдийн засаг, байгаль цаг уурын нөхцөл байдалдаа зохируулан индексээ сонгодог. Харин манай МИД систем нь дэлхий дээр цор ганц.

“Малын индексжүүлсэн даатгал нь сайн дурын даатгал бөгөөд энэ жилийн хувьд малчдын хамрагдалт 3 дахин өссөн үзүүлэлттэй явагдаж байна.”

- Энэ жил бас цас зудтай байгаа тухай мэдээнүүд байна. Энэ жилийн хувьд малчид МИД-д хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

Үндэсний статистикийн газрын мэдээгээр нийт 5 аймаг цас зудын нөхцөл байдалд, нийт газар нутгийн 70 хувь нь цасан бүрхүүлтэй, 10 орчим хувьд нь өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

МИД-д эхний улиралд дунджаар 3-4 мянган гэрээ хийгддэг байсан бол энэ жилийн хувьд 9 мянган гэрээ хийгдээд байгаа нь 3 дахин өссөн үзүүлэлт. Цаашлаад 5, 6 сар хүртэл энэ тоо улам өснө гэсэн хүлээлттэй байна. Энэ өсөлт нь иргэдийн даатгалын боловсрол жил ирэх тусам нэмэгдэж, зах зээлд оролцогч талуудын үйл ажиллагаа улам бүр идэвхжиж буйтай холбоотой гэж би дүгнэж байгаа.

- МИД бүтээгдэхүүн бий болсон цагаасаа хойш хэдий хэмжээний нөхөн төлбөрийг малчдад олгосон бэ?

МИД-д 2006 оноос 2022 оны хооронд давхардсан тоогоор нийт 400 гаруй мянган малчин өрх хамрагдсан. Үүнээс 45 мянган малчин өрхөд 8.6 тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.

“Монгол улс ган зуд төдийгүй байгалийн бусад болзошгүй гамшгуудаас хамгаалах даатгалын тогтолцоотой болох ёстой.”

- Тэгвэл цаашид Үндэсний давхар даатгал компани газар хөдлөлт, үеэр ус зэрэг үндэстнийг хамарсан өөр бусад гамшгаас хамгаалсан бүтээгдэхүүнүүд зах зээлд нэвтрүүлэх үү?

Сая Турк улс газар хөдлөлтийн гамшигт өртсөн. Турк улсын хувьд манай МИД-ын хамтын эрсдэлийн сан шиг газар хөдлөлтийн эрсдэлийн сантай. Уг сан нь 23.4 тэрбум ам.долларын хохирлыг төлөх чадвартай байна. Япон улс 2011 онд цунамигийн гамшигт өртөж, даатгалын салбар нь 75 тэрбум ам.долларын хохирол барагдуулсан байдаг. Давхар даатгалын тусламжтайгаар эрсдэлээ олон улсын хэмжээнд маш сайн тараан байршуулсны хүчинд ийм өндөр дүнтэй хохирлыг барагдуулсан ч японы даатгалын нэг ч компани тухайн үед дампуураагүй. Өөрөөр хэлбэл Япон Улсад учирсан хохирлыг дэлхийн даатгалын тогтолцоо хамтдаа төлсөн гэсэн үг. Энд л даатгал, давхар даатгалын ач холбогдол оршиж байна.

Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор дэлхий дахинд тохиох гамшигт үзэгдлийн тоо улам бүр нэмэгдэж байна. Тэгэхээр цаашид бид зөвхөн ган зуд төдийгүй байгалийн бусад болзошгүй гамшгуудаас хамгаалах тогтолцоотой болох ёстой. Энэ тогтолцоог бий болгохын тулд Үндэсний давхар даатгал ХК арилжааны даатгалын компаниудтай хамтран  ажиллаад явж байна. Энэ жил Гамшгийн эрсдэлийн даатгалын тухай хууль батлагдах хүлээлттэй байгаа. Энэ хууль батлагдсанаар гамшгийн эрсдэлийн тогтолцоог бүрдүүлэх чиглэлд ихээхэн ахиц гарна гэдэгт итгэлтэй байна.

- Танд баярлалаа.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.