Хошин урлагийн "Эмоци" продакшн 10 жилийн ойн баяраа угтан "Баян боол" бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдийн хүртээл болгох талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Цаашлаад 21 аймагт, мөн АНУ, Австрали, БНСУ зэрэг гаднын орны үзэгчдэд толилуулах төлөвлөгөөтэй байгааг хамтлагийн жүжигчин Жерри /Т.Бадамжав/ хэвлэлийн хурлын үеэр хэлсэн юм.
"Эмоци" продакшны захирал, жүжигчин МУСТА Д.Түвшинтөр "Киноны трэйлер цацагдахад нийгмийн сүлжээнд "Орос киног хулгайлсан байна" гэж зарим иргэн сэтгэгдэл бичиж байсан. Нийгэм, цаг үеийн өөрчлөлтөд уран бүтээлчид бусдын кино зохиолыг хуулбарлах ямар ч боломжгүйг ойлгох хэрэгтэй.
Манай продакшн All media компаниас албан ёсны эрхтэйгээр кино зохиолыг худалдаж авсан.
Албан ёсны эрхийг нь худалдан авч, агуулга, утга санааг нь алдагдуулахгүй хийсэн киног хулгай гэдэггүй. Харин бусдын хийсэн уран бүтээлийг зөвшөөрөлгүй фэйсбүүк орчинд байршуулахыг хулгай гэнэ" хэмээв.
Жүжигчин МУСТА О.Тэмүүжин "ОХУ-д 2019 онд гарч байсан Холоп киноны албан ёсны эрхийг дэлхийн 11 улс худалдаж авч, киногоо хийж байгаа. Тухайлбал, БНСУ, БНХАУ, Энэтхэг зэрэг улс албан ёсны эрхтэйгээр уран бүтээлээ хийж байгаа гэсэн үг.
"Баян боол" кинонд продакшны бие бүрэлдэхүүнээс гадна МУСТА Х.Ганхуяг, МУСТА Б.Батмэнд, МУГЖ Ш.Доржсүрэн, МУГЖ С.Өлзийхүү болон түүний охин Х.Баярмаа нарын уран бүтээлч хамтран тоглосон.
Кино багийн ард 120-130 хүн тогтмол ажилласан юм.
Түүнчлэн кинонд зориулсан хоёр дуу гаргасан бөгөөд нээлтийн өдөр цацна. Өнөөдрөөс эхлэн ticket.mn сайтаар дамжуулан тусгай үзвэрийн урилга зарж байгаа.
Киноны нээлтийн арга хэмжээн дээр сэтгүүлчид үнэмлэхтэйгээ ирээд сурвалжлахыг урьж байна" гэлээ.
Продакшны баг хамт олон ойн баярын хүрээнд олон ажил төлөвлөсний нэгээхэн хэсэг нь энэхүү бүрэн хэмжээний УСК аж. Энэ онд багтаан тайзны уран бүтээлээр үзэгчидтэйгээ эргэн уулзаж, шоу тоглолт хийх тухайгаа жүжигчид хэлж байв.
Үргэлжлүүлэн жүжигчин МУСТА Г.Нарансолонго "Баян боол УСК-д 1800 оны үеийг харуулсан учраас зураг авалт хийх газар чухал ач холбогдолтой байсан. Зураачийн багийн ур чадвар шаардсан уран бүтээл болсноороо онцлогтой.
Байгаль нь онгон дагшнаараа, машины замын мөр, шонгийн утас зэргийг харгалзан үзээд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумыг сонгосон юм. Тэр утгаараа киногоо тухайн нутгийн иргэдэд үнэгүй үзүүлэхээ амласан билээ.
Зураг авалтын үеэр бага ч гэсэн автомашины чимээ сонсогдох үед дууны оператор зураг авалтаа зогсоодог байсан.
Аравдугаар сарын эхэн үеэр голын усанд жүжигчин О.Тэмүүжин, Х.Баярмаа нар шөнө бүтэн биеэрээ орж, зураг авалтаа хийсэн. Тэр үед жүжигчний мэргэжил хэцүү бөгөөд өөрийгөө золиосолдог болохыг мэдэрсэн. Жүжигчин Х.Баярмааг өрөвдөж, хайрлаж, бахархсан юм" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!