XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх Туулай жилийн Сар шинийн баярт зориулан манай улсад суугаа зарим Элчин сайд нар мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна.
Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчид сайд Ричард Буанган ирж буй жилдээ юу санасан есөн цагаан хүсэл нь биелж, буян заяа нь булаг мэт дүүрэн байхын ерөөлийг монгол хэлээр дэвшүүлж, Монголд болон дэлхий даяар тархан суугаа бүх монголчуудад Сар шинийн баярын мэнд хүргэлээ.
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз "Цагаан сарын өмнө гэр бүлээрээ цуглаад буузаа хийдэг зан заншил, өв уламжлал онцгой сайхан санагддаг. Цагаан сар бол маш сайхан халуун дулаан уур амьсгал бүрдүүлдэг баяр юм. Бид Европын Холбооны Төлөөлөгчийн Газрын хамт олноороо тэмдэглэлээ. Сар шинэдээ сайхан шинэлээрэй" хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.
Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд М.П.Сингх "Та бүхэнд ирж буй туулай жилийн мэндийг дэвшүүлье! Шинэ жилдээ итгэл найдвар, шинэ эрч хүч, өөдрөг сэтгэлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе. Сар шинэдээ сайхан шинэлээрэй" хэмээв.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Кобаяши Хироюки "Монголчууд Та бүхэндээ XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх харагчин туулай жилийн сар шинийн баярын мэндийг дэвшүүлье.
Улирч буй жилд Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хоёр улсад ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Ойг тохиолдуулан Монгол Улсад 100 гаруй арга хэмжээ амжилттай зохион байгуулагдсан бөгөөд улс төр, эдийн засаг, эрдэм шинжилгээ, соёл, спорт зэрэг олон салбар дахь түүхээ эргэн харж, хоёр орны харилцаа, хөгжлийн замыг бүтээлцэж буй ард иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж чадлаа. Энэ утгаараа туулай жилийн босгыг амжилт арвин, итгэл дүүрэн алхан орж байна. Ирж буй жилд ч хоёр орны харилцаа илүү олон салбарт өргөжин тэлж, өөдлөн дэвжихийг хүсэн ерөөж байна.
Туулай бол хурд хүч, хөгжил цэцэглэлт, элбэг дэлбэг, итгэл төгс байхын бэлгэдэл билээ. Энэ жил Та бүхний амьдрал, ажил үйлс галын дөл мэт өөдөө, эрч хүч дүүрэн, элбэг хангалуун, цог хийморьтой байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
Төр, түмэн олноороо дүүрэн жаргалтай, түвшин амгалан сар шинэдээ сайхан шинэлээрэй!" хэмээн мэндчилгээ дэвшүүлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
24 СЭТГЭГДЭЛТЭЙ
|