Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/02/17-НД НИЙТЛЭГДСЭН

"БГД-ийн Засаг дарга бүх ТҮЦ-ийг ачих захирамжаа хүчингүй болгосон тул шинийн нэгэнд жагсаал зохион байгуулахгүй"

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 2 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны УЗ-ийн гишүүн н.Отгонбаяр "Шинийн нэгний өдөр төв талбайд жагсаал зохион байгуулах талаар өмнө нь мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан байр сууриа илэрхийлье.

Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар бүх ТҮЦ-ийг ачих А35 захирамжийг 2023 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Энэхүү захирамжаа хоёрдугаар сарын 14-нд цуцалсан байна. Ингэснээр бүх ТҮЦ-ийг хоморголон ачих нь буруу юм байна гэж үзжээ. ТҮЦ-үүдийг хэрхэн цэгцлэх талаар ажлын хэсгээрээ ярилцахаар болсон байна.

Бүх ТҮЦ-ийг хоморголон ачих захирамж хүчингүй болсон тул шинийн нэгэнд "Бидэнд баярлах шалтгаан байхгүй" нэртэй жагсаал цуглаан зохион байгуулахгүй болсноо мэдэгдэж байна.

GS25 болон CU-ийг ТҮЦ-тэй андуурч холбоод байх шиг байна. Монгол Улсад найман нэрийн болон зургаан нэрийн хүнсний дэлгүүрүүд 00:00 цагт хаадаг. Гэтэл GS25, гаднын сүлжээ дэлгүүрүүд 24 цагаар архи, согтууруулах ундаа зараад байгаа нь шударга бус гэдгийг хэлж байгаа юм. Түүнээс ТҮЦ-ийнхэн тэдэнтэй барьцаагүй. Иргэд зөвөөр ойлгоорой.

ТҮЦ ажиллуулж амьдарч байгаа хүмүүс үндэсний үйлдвэрлэгч, импортлогч болъё гээд төсөл хөтөлбөрүүдэд оролцохоор олддоггүй. ТҮЦ-ийг цэгцлэх нь зөв, гэхдээ эргэн тойронд хог хаяад байгаа нь иргэдийн ухамсрын асуудал. Бид эргэн тойрноо цэвэрлэдэг юм.

Нийслэлийн хот тохижилтын газраас ТҮЦ-ийн орчимд хогийн сав тавиулдаггүй" хэмээн ярилаа.

зураг
 

Тус холбооноос хоёрдугаар сарын 21-нд буюу шинийн нэгний өглөө Сүхбаатарын талбайд тавгийн идээ засаад "Бидэнд баярлах шалтгаан байхгүй жагсаал" хийнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.