ТҮЦ ажиллуулдаг иргэд Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа.
ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны төлөөлөл "ТҮЦ эрхлэн амь зуулгаа залгаж байгаа бидний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид өнгөрсөн хугацаанд төр засгаас юу ч гуйхгүй амьдрах эрхийнхээ төлөө зүтгэж байгаа. Гэвч төр засаг солигдох бүрд биднийг ялгаварлан гадуурхаж, тохуурхаж буйд гомдолтой байна.
Дүүргүүдээс хотыг гоё болгох нэрээр 1,000 гаруй иргэний амьдралын эх үүсвэрийг устгах гэж байгааг эсэргүүцэж тэмцэх болно. Баянгол дүүргийн Засаг даргын А35 дугаар захирамжид гомдол гарган шүүхэд хандана. Энэхүү захирамжийг гаргахдаа эрх ашиг нь хөндөгдөж буй биднийг оролцуулалгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.
МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ТҮЦ-ээр амь зуугчдын холбоотой хамтран ажиллах санамж бичгээ эргэн нэг харж, бидний асуудалд анхаарлаа хандуулахыг хүсье.
ТҮЦ-нд хүч чадлаа үзүүлдэг төр засаг, хотын удирдлагууд нүүрсний хулгайчид, Зайсангийн хууль бус газар эзэмшигчидтэйгээ тэмцэхийг шаардаж байна.
Бид ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны гишүүдийн эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрээ цуцлахгүй бол 2023 оны хоёрдугаар сарын 21-ний буюу шинийн нэгний өглөө "Бидэнд баярлах шалтгаан алга" эсэргүүцлийн арга хэмжээг Сүхбаатарын талбай дээр албан ёсоор зохион байгуулахаа мэдэгдэж байна. Монголын ёс болохоор төв талбай дээр тавгийн идээ засаж, золгож, амьдрах болно.
Үндсэн хуулийн 2.19-д заасан төр иргэнийхээ нийгэм, эдийн засгийн баталгааг хангах үүргээ биелүүлж, хэт олширсон төрийн албан хаагчдын ТҮЦ-ийг цэгцэлж, зөвхөн нэг ТҮЦ-тэй ард иргэдийг үлдээхийг хүсэж байгаагаа илэрхийлж байгаа юм" хэмээн ярилаа.
"Энхтайван, Энэбишийн, Ард Аюушийн өргөн чөлөөний ТҮЦ-ийг нүүлгэх шийдвэрийг гаргажээ. Нүүлгэсэн ТҮЦ-үүдээ гэр хорооллын уулын энгэрт аваачиж байрлуулах захирамжийг Баянгол дүүргийн Засаг дарга гаргасан" хэмээн ТҮЦ-ээр амь зуугчдын холбооны УЗ-ийн гишүүн З.Пунсалдулам хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!