Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл улс орондоо цэргийн дэглэм зарласан бодлогогүй үйлдлийнхээ төлөө бүрэн эрхээ түдгэлзүүлээд шалгагдаж байгаа.
Одоо тус улсын ерөнхий сайд Хан Дук Со ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм.
Гэвч үүрэг гүйцэтгэгч болоод хоёр долоо хоног хүрэхгүй хугацаа өнгөрч байгаа Хан Дук Сог огцруулах хөдөлгөөнийг парламент дахь сөрөг хүчний намын гишүүд эхлүүлжээ.
Гол сөрөг хүчин Солонгосын Ардчилсан Намын нэр дэвшүүлсэн үндсэн хуулийн шүүхийн шүүгчдийг Хан Дук Со томилохоос татгалзсан тул ийм арга хэмжээ авахад хүрсэн байна.
“Хан өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч биш, харин бослогын удирдагчийн үүрэг гүйцэтгэгч гэдгээ харууллаа” гэж Ардчилсан Намын бүлгийн дарга Пак Чан Дэ өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа мэдэгджээ.
Сөрөг хүчин бас Ханыг арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Юн Сүк Ёлыг цэргийн дэглэм зарлахад хамтарч оролцсон гэж буруутгаж байна.
Тэр өмнө нь ерөнхийлөгчийн хийсэн алхамд саад хийж чадаагүйдээ олон нийтээс уучлал гуйж байсан юм.
Сүүлийн өдрүүдэд Хан Дук Со бас сөрөг хүчний санаачилсан хэд хэдэн хуулийн төсөлд хориг тавиад байгаа. Тухайлбал Юн Сүк Ёлын цэргийн дэглэм зарласан үйлдлийг мөрдөн шалгах тусгай хороо байгуулах хуулийн төсөлд хориг тавьж байв.
Нэг үгээр хэлбэл ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг Юн Сүк Ёлын бүрэн эрхийг буцаан сэргээхийн төлөө ажиллаж байна гэж сөрөг хүчнийхэн буруутгажээ.
Хан Дук Сог огцруулах асуудлыг Өмнөд Солонгосын парламент 24-72 цагийн дотор хэлэлцэж, санал хураах төлөвтэй байна.
Үүрэг гүйцэтгэгчийг огцруулахад парламентын 300 гишүүний 151 нь дэмжсэн байх шаардлагатай.
Ардчилсан Нам дангаараа 170 суудалтай, бусад сөрөг хүчний намуудтай нийлбэл 192 суудалтай юм. Тиймээс Хан Дук Сог огцруулах боломж тэдэнд байгаа.
Өчигдөр өглөө Хан Дук Со сөрөг хүчний нэр дэвшүүлсэн гурван шүүгчийг Үндсэн Хуулийн Шүүхийн гишүүнд томилохоос татгалзсан юм.
Үндсэн Хуулийн Шүүх одоо ерөнхийлөгч Юн Сүк Ёлыг огцруулах эсэхийг эцэслэн шийдэх гэж байгаа.
Үүний дараа Пак Чан Дэ “Хан үндсэн хуулийг хамгаалах чадваргүй, хүсэлгүй нь тодорхой боллоо” гээд түүнийг огцруулах хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдсэн байна.
Харин эрх баригч Ардын Хүч Намын төлөөлөл сөрөг хүчнийг “ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчийг хууль ёсны эрх мэдлээ хэрэгжүүлэхэд саад учруулж байна” хэмээн шүүмжилжээ.
Хэрвээ Хан Док Су парламентын олонхын саналаар огцорвол ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр дараагийн ээлжид тус улсын сангийн сайд Чой Сан Мок ажиллах юм.
Өмнөд Солонгосын Үндсэн Хуулийн Шүүх энэ долоо хоногийн сүүлээр Юн Сүк Ёлыг огцруулах эсэх асуудлаар анхны хурлаа зохион байгуулах гэж байна.
Юн Сүк Ёл өөрт нь ирсэн хэд хэдэн зарлан дуудах бичгийг хүлээж авахаас татгалзсан юм. Хэрвээ ингэж шалгалтын ажилд саад учруулсаар байвал баривчилж болзошгүйг мөрдөн байцаагчид анхааруулжээ.
Цэргийн дэглэм зарласан асуудалтай холбогдуулан батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хюн, дотоод хэргийн сайд асан И Сан Мин, зэвсэгт хүчний командлагч асан Пак Ан Су зэрэг хэд хэдэн өндөр албан тушаалтан шалгагдаж байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!