Өчигдөр Турк улсын шүүх 2023 оны газар хөдлөлтөд нурж, 72 хүний аминд хүрсэн зочид буудлын эзэн, архитектор хоёрт олон жилийн хорих ял оноожээ.
“Isias Grand” зочид буудлын эзэн Ахмет Бозкурт, архитектор Эрдэм Илмаз нар 18 жил, таван сар шоронд хоригдох ял сонссон бол Бозкуртын хүү Мехмэт Фати 17 жил, дөрвөн сарын хорих ял сонссон байна.
Туркийн зүүн өмнөд бүсийн Адяман хотод байрладаг байсан тус зочид буудалд тухайн үед Туркийн хяналтад байдаг Умард Киприйн сургуулийн гар бөмбөгийн баг, бас жуулчдын хөтөч нар байрлаж байжээ.
Гурван яллагдагчийг “аюулгүй байдлын стандартыг санаатай зөрчсөн үйлдлээрээ олон хүний амь насанд хүрсэн” гэж шүүх буруутгасан байна.
Умард Киприйн засгийн газрын тэргүүн Унал Устел ялыг хэтэрхий хөнгөдсөн гэж үзээд шүүхийн шийдвэрийг давж заалдахаа мэдэгджээ.
“Зочид буудлын эздэд оноосон шийтгэл бидний санаанд хүрсэнгүй. Ямартай ч зочид буудлын барилгын ажлыг хариуцаж байсан хүмүүсээс эхлээд архитекторыг нь хүртэл шийтгэсэнд сэтгэл хангалуун байна” гэж тэр ярьсан байна.
2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр болсон газар хөдлөлтийн үеэр Турк, Сирид нийтдээ 50,000 гаруй хүн амиа алдаж байв.
Үүнээс гадна нийтдээ 160,000 орчим барилга нурж, 1.5 сая хүн орон гэргүй болсон юм.
Газар хөдлөлтийн дараа Туркийн эрх баригчид барилгын гүйцэтгэгчид, эзэд зэрэг 200 орчим хүнийг баривчилж байжээ.
Адяман хотод тэмцээнд оролцохоор Умард Киприйн сургуулиас ирсэн охид, хөвгүүд, багш нар, эцэг эхчүүд зэрэг 39 хүн “Isias Grand” зочид буудалд байрлаж байсан юм.
Тэднээс дөрвөн эцэг эх л амьд үлджээ. Бас 40 орчим жуулчны хөтөч тухайн үед сургалтад хамрагдахаар долоон давхар зочид буудалд байрлаж байсан юм.
“Isias Grand” нь Адяман хотын хамгийн алдартай зочид буудлуудын нэг байсан хэдий ч газар хөдлөлтийн үеэр хормын дотор бүрэн нурж байжээ.
Мөрдлөгийн явцад 2001 онд ашиглалтад орсон тус зочид буудлын тулгуур багануудыг цутгахдаа орон нутгийн голын хайрга, элсийг хольсон нь тогтоогдсон юм.
Энэхүү газар хөдлөлтийн дараа барилгын стандарт, аюулгүй байдлын дүрэм журмыг сахиулаагүй хэрэгт Туркийн засгийн газар буруудаж, олон нийтийн зүгээс ширүүн шүүмжлэл сонсож байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!