Боловсрол, Шинжлэх Ухааны Яам (БШУЯ)-наас сүүлийн хоёр жилийн хугацаанд боловсролын салбарт баримталсан бодлого, хэрэгжилт болон 2023 оны ажлын төлөвлөгөөг танилцуулах уулзалт зохион байгууллаа.
Энэ үеэр сургуулийн анги танхим, коридорыг хүүхдүүдээр цэвэрлүүлдэг асуудал гарч байна. Нэгдүгээр ангийн сурагчдаас хүртэл мөнгө хурааж үйлчлэгчийг цалинжуулдаг нөхцөл байдал ажиглагдаж байгаа.
Сургуулийн үйлчлэгчийг боловсролын салбарынхан өөрсдөө цалинжуулах ёстой юу. Эцэг, эхчүүдээс мөнгө хураах нь зөв үү хэмээх сэтгүүлчийн асуултад Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин хариулт өгөв.
Тэрбээр "Боловсролын агуулгыг зөвхөн хичээл хийх гэж ойлгож болохгүй. Нийгэмших, хөдөлмөрлөх зэрэгт давхар суралцаж байх ёстой. Зарим сургууль хөдөлмөрт сургах үүднээс сурагчидтайгаа ойлголцоод анги танхимаа цэвэрлэдэг жишээ бий.
Одоогийн мөрдөж байгаа журмаар нийтийн эзэмшлийн талбайг сургуулийн үйлчлэгч нар цэвэрлэж байгаа. Ингэхдээ үйлчлэгч нарыг цалинжуулахын тулд сурагчдаас мөнгө хураахгүй. Цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой төлбөр мөнгө хураасан асуудлыг тухайн тохиолдол бүрд хянаад эцэг, эхчүүдтэй нь ярилцаж ойлголцоод шийдэж байна.
Ангийнхаа жижүүрийг хийж, цэвэрлэх ажлыг сурагчид өмнө нь ч хийж байсан, одоо ч хийж байгаа” гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!