Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Өнөөдөр хуульд хориг тавих сүүлийн өдөр, бид Ерөнхийлөгчийг амжиж хориг тавина гэж найдаж байна"

Т.Буяндэлгэр, iKon.mn
2023 оны 1 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хүний эрхийн ТББ-ын форумаас иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрхийг хуулиар хязгаарлаж буй асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.

Хурлаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, зөвлөлтэй холбоотой мэдээлэл, олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуульд хориг тавих шаардлагыг Ерөнхийлөгчид хүргүүлсэн тухай мэдээллийг хүргэлээ.

Энэ үеэр "Эмнести Интернэшнл" ТББ-ын Хүний Эрхийн идэвхтэн Г.Сүхбат "УИХ-2022 оны 80-р тогтоолоор Зөвлөлдөж шийдье улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулахаар тогтож, бие даасан хараат бус шинжээчдийн төлөөллийг оролцуулах байдлаар сонгон шалгаруулан томилсон. 

Гэтэл Зөвлөлдөх зөвлөл нь 2023 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр санал асуулгын төслийг Төрийн байнгын хорооны хуралдаанд танилцуулах үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Үндсэн хуулийг бүхэлд нь өөрчлөх, хянан үзэх шаардлагатай байна уу гэдэг асуудлыг оруулсан. Улмаар шийдвэр гаргах эрх бүхий этгээдийн хувьд заавал оруулна гэдэг чиглэл өгсөн. 

Үүнийг Хүний эрхийн форумын зүгээс Үндсэн хуульд аюул учирч байна гэж үзэн эрс буруушааж байгаа юм. Үүнд:

  • Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн зохион байгуулах учиртай зөвлөлдөх санал асуулгын асуултад "Ардчилсан үндсэн хуулийг халах" асуултыг оруулж байгаа нь Монгол улсын нийт иргэдэд хамааралтай асуудлыг сонгуулийн насны иргэдийн 0.07%-тай тэнцэх 1,570 иргэнээр шийдүүлэх гэж байгаа нь Төрийн тогтвортой байдлыг алдагдуулахын зэрэгцээ Үндэсний Аюулгүй байдалд харшилж байгаа,
  • "Үндсэн хуулийг халах" агуулга бүхий асуултыг УИХ-ын гишүүн санаачлан оруулж ирсэн нь Үндсэн Хуулийг чанд сахих тангаргаасаа няцаж буй үйлдэл,
  • Зөвлөлдөх санал асуулга явагдах хугацаа шахуу байгаагаас иргэд бодитой оролцож, зөвлөлдөх эрх нь хязгаарлагдаж байна.
  • Зөвлөлдөх санал асуулгын тухай тав дугаар зүйлд Хууль дээдлэх, иргэний оролцоог хангах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах зэрэг олон зарчмуудыг тусгасан хэдий ч эдгээр зарчмыг өөрсдөө зөрчиж Зөвлөлдөх санал асуулгыг явуулж байгаа зэрэг болно.

Мөн иргэдэд мэдээллийг хүртээмжтэй хүргэх асуудалд УИХ-ын гишүүдийг анхаарч нийтээр амрах баярын өдрүүдийг тохиолдуулж, улс орны язгуур эрх ашиг, сонирхолтой холбоотой асуудлыг хэлэлцэж байгааг залруулж, хугацааг хойшлуул гэсэн шаардлагыг тавьж байгаа бөгөөд Хүний Эрхийн Форумаас нэгдүгээр сарын 22-нд энэ мэдэгдлийг холбогдох хүмүүст хүргүүлсэн байгаа" гэв.

Мөн "Глоб Интэрнэшнл" ТББ-ын УЗ-ийн дарга Х.Наранжаргал "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль биш хүний эрхийг зөрчих агуулгатай хууль болсонд бид харамсаж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх зүйл заалтуудад харшилж, мөн үзэл бодлоо илэрхийлэх иргэн бүрийн, мөн иргэдийн мэдэх эрхийн төлөө зогсолтгүй ажилладаг, хэвлэл мэдээллийн байгууллагынхны хувьд хатуу цагдан хяналтыг үүсгэх сөрөг үр дагавартай байна. Зөрчилтэй контент гэдэг зүйлийг бусад бүх хуулиар зохицуулсан байхад дахиж онцгойлон гаргаж ирж байгаа нь ухаалаг бус үйлдэл боллоо. Өнөөдөр хуульд хориг тавих сүүлийн өдөр, бид Ерөнхийлөгчийг хуульд бүхэлд нь хориг тавина гэж найдаж байна" гэлээ.

зураг