Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2023/01/27-НД НИЙТЛЭГДСЭН

Аялагч Г.Ганхүү олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд хориг тавихыг Монгол Улсын ерөнхийлөгчид уриаллаа

Б.МАНЛАЙ, IKON.MN
2023 оны 1 сарын 27
iKon.MN
зураг
 

УИХ-ын чуулганаар Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт баталсан. Уг хуулийг хоёрхон хоногт баталсан нь улс төрийн зорилготой, цахим орчинд иргэдийн эрхийг хязгаарлах заалттай хууль хэмээн иргэд бухимдаад буй.

Харин хуулийн төслийг санаачлагчдын зүгээс "Хүний үг хэлэх эрх чөлөөг хязгаарласан нэг үг үсэг олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуульд байхгүй. Харин нотлох баримтгүйгээр доромжлох, хэн нэгнийг заналхийлэх, сошиал булли хийх, гэмт хэрэгт уриалахыг зөвшөөрөхгүй" гэх тайлбарыг өгч байгаа юм.

Одоо Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд уг хуульд хориг тавих эсэх нь олны анхаарлын төвд байна.

Тухайлбал аялагч Г.Ганхүү хуульд хориг тавихыг уриалжээ. 

Түүнчлэн Цогц Хөгжлийн Үндэсний Төвөөс санаачилсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг "Цахим орчинд хяналт тавих хууль"-д хориг тавихыг хүссэн өргөдлийг өнөөдрийн байдлаар 6,937 иргэн дэмжжээ.

Монгол Улсын Үндсэн хуульд "Ерөнхийлөгч УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих, Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ" хэмээн заасан байдаг.

Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг энэ долоо хоногт Ерөнхийлөгчид өргөн барьжээ.  Ерөнхийлөгч хуульд хориг тавих эсэхийг ажлын тав хоногт шийдэх хуулийн зохицуулалттай.