Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан 43 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж буй талаар танилцууллаа.
Нийслэлийн төв номын сан нь Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дөрвөн салбартай, 400,000 гаруй боть номын фондтой аж. Тогтмол үйлчлүүлдэг 200-300 гаруй уншигчаас гадна жил бүр 10,000 гаруй уншигчаар хүрээгээ тэлдэг байна.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Үйлчилгээний номын санч Д.Жаргалсайхан "Хүүхдийн уншлагын танхим нь 8,000 гаруй номтой, жилд 3,000-4,000 хүүхэд үйлчлүүлдэг. Энэхүү уншлагын танхимаар 1-15 хүртэлх насныхан үйлчлүүлэх боломжтой.
Харин гэр бүлийн танхимаар 1-5 насны хүүхдүүд аав, ээжтэйгээ ирээд үйлчилгээ авах бүрэн бололцоотой. Хүүхдэдээ тохирсон номыг эцэг, эхчүүд уншиж өгдөг. Энэ танхимд хүүхдүүд тоглож, уншиж, ядарвал унтаж ч болно.
Манай хамгийн отгон уншигч хоёр настай. Түүнчлэн дөрвөн настай уншигч н.Хангай маань шинжлэх ухаан танин мэдэхүйн номонд дуртай. Ирээдүйд археологич болно гэж ярьдаг. Хүүхдийн уншлагын танхимыг зөвхөн ном уншиж, хичээлээ хийхээс гадна өдөр өнжүүлэхээр ашиглах боломжтой. Үүнийг сурталчлан таниулдаг хөтөлбөр ч бий" гэлээ.
Англи хэл дээрх ном, хэвлэл уншиж, интернэт үйлчилгээ авахаас гадна англи хэл дээрх кино үдэшлэг, англи хэлний сургалт, уулзалтууд, тоглоомын үдэш, номын клуб, зөвлөгөө өгөх, туршлага солилцох лекцүүд зэрэг олон нийтийн ажлуудад нь хамрагдаж болох Америкийн соёл мэдээллийн төвийг Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яам, Хотын төв номын сан хамтран 2004 онд байгуулжээ.
Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн Америк соёл мэдээллийн төвийн ажилтан Г.Ариунзаяа "Энэ танхимд шинжлэх ухааны 2,500 гаруй боть ном бий. Түүнчлэн IELTS, TOEFL-ийн шалгалтын ном байдаг" хэмээн хэлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!