Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/12/28-НД НИЙТЛЭГДСЭН

Санхүүгийн зохицуулах хороо Монголын биржүүдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

ikon.mn
2022 оны 12 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Санхүүгийн зохицуулах хороо Монголын биржүүдийн нэгдсэн холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Уг арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Хяналт, шалгалт зохицуулалтын газрын дарга Б.Долгорсүрэн, “Монголын биржүүдийн нэгдсэн холбоо” ГҮТББ-ын гүйцэтгэх захирал С.Нямгэрэл, “Комплекс дижитал экосистем” ХХК-ын гүйцэтгэх захирал Ч.Ганбаатар, “Дижитал эксчейнж Монголиа” ХХК -ын гүйцэтгэх захирал Б.Эрдэнэжаргал нар оролцлоо.

Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун энэ үеэр “Монгол Улсад виртуал хөрөнгийн салбарт үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийг бүртгэх, хяналт тавих, холбогдох эрх үүргийг тодорхойлсон эрх зүйн орчин бүрдсэнтэй холбогдуулж Санхүүгийн зохицуулах хороо нэр бүхий виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгээд байна. Үүнтэй холбоотойгоор Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон холбогдох 10 гаруй харилцааг зохицуулсан найман журмын төслийг боловсруулах ажилд холбооноос мэргэжлийн санал, зөвлөмжийг өгч ажилласанд юуны өмнө талархлаа илэрхийлж байна.

зураг
 

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн мэргэжлийн холбоонд тавих шаардлагыг тогтоох журмын хүрээнд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн 51-ээс доошгүй хувийг гишүүнээр элсүүлсэн байх шаардлагын дагуу Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй 11 компаниас 10-ийг гишүүнчлэлээр бүртгэсэн тул ээлжит хуралдаанаар хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар шийдвэрлэсэн.

Цаашид хамтдаа салбараа хөгжүүлэх, зохицуулалтын зохистой орчин бүрдүүлэх, мэргэжлийн оролцогчдоо чадавхжуулах, мэргэшүүлэх, эрх ашгийг нь хамгаалах гээд олон ажил биднийг хүлээж буй. Нөгөө талаар Та бүхний хувьд ч санхүүгийн салбарын бусад холбоодтой хамтдаа хөгжиж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, холбогдох хууль эрхзүйн зохицуулалт, тэдгээрийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдэд санал өгөх, хамтран боловсруулах, сургалтын нэгдсэн стандарт, ижил үнэлгээтэй болох боломж бүрдэнэ. Ингээд бидний хамтын ажиллагаа үр өгөөжтэй байх болтугай” гэсэн юм.

Хоёр тал ийнхүү гэрээг үзэглэснээр виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэх хүсэлт гаргагчтай холбогдуулан тодорхой төрлийн дүгнэлтийг холбооноос гаргуулах, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах цаашилбал Монгол Улсын виртуал хөрөнгийн салбарт үйлчилгээ үзүүлэгчдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх, салбарын хөгжлийн бодлого, стратегийг олон улсын жишигт нийцүүлэх чиглэлд хамтран ажиллана хэмээн Санхүүгийн зохицуулах хорооноос мэдэгдлээ.