Баасан гарагт Аргентин, Нидерландын шигшээ багуудын хооронд болсон ДАШТ-ий шөвгийн наймын тоглолт нэлээд ширүүн уур амьсгалд өнгөрсөн юм.
Багууд үндсэн болон нэмэлт цаг дуусахад 2:2 харьцаатай тэнцэж, торгуулийн цохилтоор хожлоо шийдэхэд Аргентин илүүрхэж байв.
Тоглолтын үеэр Испанийн шүүгч Антонио Матеу Лаоз нийт 18 шар хуудас өргөсөн нь ДАШТ-ий түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болжээ.
Нидерландын Дензел Дюмфрис хоёр шар хуудас авсны улмаас талбайгаас хөөгдөж байв.
Хоёр багт сахилгын арга хэмжээ авах болсноо дэлхийн хөл бөмбөгийн дээд байгууллага FIFA өчигдөр мэдэгджээ.
Тоглолтын үеэр Аргентины од Лионел Месси өрсөлдөгч багийн дасгалжуулагч Луйз Ван Гаал руу өдөөн хатгасан дохио зангаа үзүүлж, тоглолтын сүүлийн хэсэгт нүүр тулан үг сөргөөцөлдөж байв.
Торгуулийн цохилтоор хожсоныхоо дараа Аргентины хөл бөмбөгчид Нидерландын тоглогчид руу мөн өдөөн хатгаж, элэглэсэн үйлдэл үзүүлэхэд нэг нь Мессигийн дохио зангааг бас харуулж байжээ.
Торгуулийн цохилт гүйцэтгэх бүрд нь Нидерландын тоглогчид анхаарал сарниулах оролдлого гаргаж байсан тул ингэж хариугаа авснаа Аргентины тоглогч Николас Отаменди сүүлд тайлбарлаж байв.
Тоглолтын дараа болсон хэвлэлийн хурлын үеэр Месси “Тоглолтын өмнө Ван Гаалын ярьсан зүйлс болон Нидерландын тоглогчдын гаргасан ааш авир надад хэтэрхий хүндэтгэлгүй санагдсан. Ван Гаал сайхан тоглолт үзүүлнэ гэж амлаж байсан ч өндөр тоглогчдоо урагш оруулж, тэдэндээ алсын дамжуулалт өгөхөөс хэтрээгүй. Гэхдээ бид үүнийг нь няцааж чадсан” гэж ярьжээ.
Тэрбээр энэ үеэр камерын гадна байгаа хэн нэгэн рүү ууртайгаар “Тэнэг минь юугаа хараад байгаа юм бэ? Цаашаа яваач” гэж хашхирч байсан юм.
Нидерландын багийн хоёр гоолыг оруулсан Ваут Вегхорст руу Месси ингэж хашхирсан гэж эх сурвалжууд сүүлд мэдээлжээ.
Эх сурвалж: BBC, Mirror
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!