УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тэрбээр "Хууль хяналтын байгууллагуудыг ажлаа хийхийг албан ёсоор шахаж, шаардах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн өнөөдөр тавьсан шаардлагыг би хангалттай бус гэж үзэж байна.
Засгийн газрын харьяанд Цагдаагийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газар, Улсын Ерөнхий Прокурорын газар байдаг. Шаардлагатай бол УИХ дээр асуудлыг нь яаралтай оруулж ирээд, ажил хийж чадвал хийлгээд, үгүй бол хариуцлагыг тооцож явуулаад, энэ системд холбогдоогүй, цоо шинэ, энэ хулгайтай эр зоригтойгоор тэмцэж чадах хүмүүсийг ажил үүрэгт нь томилох нь зүйтэй. Зүгээр яриад өнгөрөх биш, албан ажил болго гэсэн шаардлагаа Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газрын тэргүүнд хүргүүлж байна" хэмээв.
Мөн тэрбээр "Сонгуулийн жижигсгэсэн тойргоос болоод хулгай зогсохгүй байна. 76 жижиг тойрогт хэн мөнгөтэй нь сонгогддог. Шударга хүмүүс нь гарч ирж чадахгүй байхад хулгай яаж зогсох болж байна. Тиймээс тогтолцооны өөрчлөлт хийж, 76 жижиг тойргийг бүхэл нэг том тойрог болгох шаардлагатай.
Хулгайч биш хүмүүсийг төрд оруулан хяналт тавьж байж энэ асуудал шийдэгдэх боломжтой тул Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, тогтолцооны өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай байна.
Бид Ерөнхийлөгчийн засаглалтай ч биш, парламент засаглалтай ч биш ийм бантан дунд 30 жил явсан учраас хулгайгаа дийлэхээ больсон. Тиймээс сонгодог парламент руу шилжих нь зүйтэй" хэмээв.
Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд нүүрсний хулгайн асуудлаар хэлж буй тоонуудынхаа талаар ийнхүү тайлбарлалаа.
Тэрбээр "Нийт гаргасан экспортын дүнд ногдох татвараа алдсан нь үнэн. Өөрөөр хэлбэл, 40-45 их наяд төгрөгийн орлогоо алдсан байна гэж ярьсан. 40-45 их наяд төгрөгийн орлого нь үүнд ногдох татварын орлого буюу АМНАТ, аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар, мөн хуулиар авах ёстой бусад хураамжаа авбал 10 орчим их наяд төгрөгийн татварын орлогоо алдсан байгаа. Авах ёстой орлого нь энэ хэмжээ юм.
Харин Монгол Улс 40 их наяд төгрөгийн орлогыг улсдаа оруулж ирэх боломжоо алдсан. Үүнийг Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлсэн. Гэхдээ 40 их наяд төгрөг нь бүгд хулгайнх юмаа гэж хувийн сектор руугаа дайрч болохгүй.
Тодорхой хулгай бол "Эрдэнэс Тавантолгой" дээр бий болсон. Тухайлбал, офтэйк гэрээ. Одоо болтол улсын нууцад байна. Энэ асуудал шийдэгдэхгүй болохоор иргэд мэдээлэлгүй байна. 3.4 их наяд төгрөгийн хэмжээтэй гэрээ тэнд нууцаар байгуулагдсан байна" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!