Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан гаднын нөлөөгөөр нас барсан тохиолдолд шинжилгээг хэрхэн хийх талаар Шүүхийн шинжилгээний тухай хуулийн төсөлд ямар байдлаар тусгасан тухай асуулт асуув.
Түүний асуултад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Амгаланболд "Одоогийн мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шинжилгээ хийх тухай заасан байдаг. Үүнд гаднын нөлөөгөөр эсвэл сэжигтэй байдлаар хүн нас барсан бол түүний шалтгааныг тогтоох гэж шинжилгээ хийнэ гэж тусгасан.
Шүүх эмнэлгийн болон эмгэг судлалын задлан шинжилгээ гэсэн тусдаа ойлголт байгаа. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн бус нөхцөлд хүн нас барсан хэргийг сэжигтэй байдлаар гэдэг ангилалд оруулж, шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг.
Цогцост шинжилгээ хийхдээ "тухайн нөхцөлд" гэж заасан байсныг "боломжит нөхцөлд" гэж өөрчилсөн. Орон нутагт энэхүү шинжилгээг хийхэд хүндрэлтэй байдаг.
Гэрэл гэгээтэй газар шинжилгээ хийвэл үр дүн нь тодорхой хэмжээгээр дээшлэх боломжтой. Шинжилгээ хийх явцдаа цогцост хүндэтгэлтэй хандах ойлголтыг хуулийн төсөлд тусгасан. Хүний эрхийг дээдлэх чиглэлд зориулагдсан заалт юм" гэлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!