Монгол Улс БНХАУ-тай хийсэн гадаад худалдааны нийт хэмжээ энэ оны эхний 10 сарын байдлаар 10.9 тэрбум ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.8 хувь өссөн дүн болж байна.
Тодруулбал, БНХАУ-тай хийсэн экспорт 8.48 тэрбум ам.доллар, импорт 2.47 тэрбум ам.доллар байгаа юм. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал, экспорт 30.7 хувь, импорт 11.4 хувиар тус тус өсжээ.
Манай улсаас урд хөршдөө экспортолж буй бараа бүтээгдэхүүнийг авч үзвэл:
Дээрх графикаас харвал нийт экспортын талаас илүү хувь нь чулуун нүүрс байна. Мөн зэсийн хүдэр, баяжмал нь нэлээд хувийг эзэлж буй юм.
Харин импортын гол нэрийн бүтээгдэхүүн нь ачааны автомашин, чиргүүл, хагас чиргүүл, эрчим хүч, цахилгаан хэрэгсэл, барилгын материалын тоног төхөөрөмж зэрэг байна.
Манай улс ирэх таван жилд БНХАУ-тай хийх гадаад худалдааны эргэлтээ хоёр дахин нэмэгдүүлж, 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан байна. Үүнийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийж буй төрийн айлчлалын хүрээнд холбогдох албаныхантай уулзаж, яриа хэлэлцээ хийхээр зорьж байгаа аж.
Зорилтыг бодит болгоход хилийн боомтуудын нэвтрэх чадварыг сайжруулж, төмөр замын холболтуудыг хийн нүүрсний экспортын нэмэгдүүлэх нь чухал гэдгийг албаны эх сурвалж мэдээлэв.
Манай улс 2019 онд 31.2 сая тонн нүүрсийг урд хөршид экспортолж байсан нь түүхэн дэх хамгийн их хэмжээ болж байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!