"Гурван уурхай дизель түлшний нөөцгүй болсон" талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өчигдөр мэдээлэл хийх үеэрээ дурдсан. Тэгвэл Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар уг асуудлаар дараах мэдээллийг өгөв.
Тэрбээр "Бид тийшээ тийм хэмжээтэйг ач гэсэн чиглэл өгдөггүй. Бүх хангалтыг хувийн компаниуд хийдэг. Улсын нөөц гэдэг зүйл бараг маш бага. Улсын түлшний нөөц хадгалдаг сав Монгол Улсад байхгүй. Улсынхаа нөөцийг хувийн компаниудад өгч, хадгалуулдаг системтэй.
Хангалтын компаниуд эхний ээлжид шатахуун түгээх станцуудаа хангаж байна. Хоёрдугаарт орон нутгийн автобус болон Улаанбаатар хот, орон нутагт явж байгаа дизель түлшээр ажилладаг нийтийн тээврийг хангаж байна. Гуравдугаарт уул уурхайн салбарыг тавьж байгаа. Гэхдээ бид бөөнөөр нь зарж хомсдол үүсгэхгүй байх асуудлыг ярьж байгаа. Энэ асуудлаар шударга өрсөлдөөний зохицуулах хороог ажиллуулж байгаа. Бөөнөөр нь авч нөөцлөөд, хий хомсдол үүсгэх байдалд ШӨХТГ-тай хамтран хяналт тавьж ажиллаж байна.
Уурхайд дизель түлшний хомсдол байгаа учраас шатахуун түгээх станцуудаас өглөө очоод түлш авахад, энгийн үед нэг өдрөө хангадаг байсан бол хоёр цагийн дотор дуусаж байгаа. Шалтгаан нь том машинууд тойроод шатахуун түгээх станцуудаас түлш аваад байгаа.
Дизель түлшний үнэ арванхоёрдугаар сард хямдарна. Аж ахуйн нэгжүүд ч энэ талаар хэлж байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-д айлчлахдаа "Роснефть" компаниас дизель түлшний зах зээлийн үнээс 10 хувийн хямдрал авч, таван жилийн гэрээ байгуулсан. АИ-92 815 ам.доллар, дизель түлшийг зах зээлийн үнээс 10 хувиар хямд авахаар гэрээ байгуулсан. Энэ нь дизель түлшний үнэ цаашид хямдарна гэдгийг харуулж байгаа.
Ганцхан "Роснефть" компаниас дизель түлш авах боломжтой харагдаж байна. Бусад компанид ОХУ хязгаарлалт хийсэн. Энэ бол дэлхий нийтэд үүсээд буй асуудал гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй" гэлээ.
Харин АИ-92 шатахууны хувьд 35 хоногийн нөөцтэй байгаа аж. Тус шатахууны хувьд нөөц тасалдах ямар нэгэн асуудал байхгүй. Дотоод асуудлаасаа шалтгаалаад зарим шатах түгээх станцууд ажиллахгүй байгаа юм байна.