Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/26-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Тэмүүжин сайдаа таны ярьдаг шударга ёс яг одоо л хэрэгтэй байна

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Талийгаачийн нэрийг дахин дахин дурдаж, ясыг нь өндөлзүүллээ гэж монголчууд цээрлэдэг. Гэсэн ч энэ ёсыг үл анзаарахад хүргэсэн тийм л нийгэмд бид амьдарч байна. Алтанхүү гэх “араатан”-ы гарт 21-хэн настай Б.Цэдэн-Иш хэмээх бүсгүй амиа алдсаныг хэн бүхэн мэднэ. Алдах алдахдаа маш олон цагийн зодуур амсаж тарчилсан, зовсон, уйлсан.

Түүний биенээс авах юм үнэндээ байхгүй, амь насыг нь аврах боломж үнэхээр хүнд эцсийн шатандаа байсан

Түүнд хамгийн түрүүнд үзлэг, хагалгаа хийсэн ГССҮТ-ийн эмч н.Цэнд-Очирын хэлж байгаагаар “түүний биенээс авах юм үнэндээ байхгүй, амь насыг нь аврах боломж үнэхээр хүнд эцсийн шатандаа байсан хэмээгээд “Үнэхээр аймаар”” гэж халаглаж байсныг олон хүн гэрчилж байгаа. 
Гэтэл ГССҮТ-ийн ямар ч эмч хэр баргийн шарх сорви, гэмтэл бэртэл хараад халаглаад байдаг улс биш. Тэд өдөр бүр осолд орсон, гар хөл, нуруу нугас нь хугарсан, заазуурдуулсан хутгалуулсан гээд цус нөжиндөө хутгалдсан олон хүн эмчилдгийн хувьд энгийн биднийг бодвол ийм зүйлд “дархлаажсан” хүмүүс юм шүү.

Хохирогч бүсгүй ийм л байдалтай ГССҮТ-д очсон. Бие нь авах юмгүй хөх няц, өмнө нь зодуулж байсан ул мөрний шарх, сорви. 

Хэвтэж байгаа өрөөнд нь ороход дүүгийн минь нүүр, мөр аймшигтай хөх няц болсон хүн харах аргагүй амьсгалын аппарттай байсан.

Талийгаачийн нагац эгч Д.Сүрэнхорлоо хэлэхдээ “Би арай ч дүүгээ тийм байдалд байгаа гэж бодоогүй. Хэвтэж байгаа өрөөнд нь ороход дүүгийн минь нүүр, мөр аймшигтай хөх няц болсон хүн харах аргагүй амьсгалын аппарттай байсан. Би үүнийг хараад маш хүнд шоконд орж, итгэж ядахдаа хөнжлийг нь сөхөж харсан. Үнэхээр аймаар байсан” хэмээгээд уйлж сууна. 

Зүгээр л нэг шургаад унахад өвдөг яаж хорсдог билээ. Гэтэл талийгаачийн няцарсан бие ямар их өвдөлт мэдэрснийг бодоход л зүрх шимширч байна. 

Талийгаачийн ар гэр, нийгэм тэр аяараа Шүүх эмнэлгийн дүгнэлтийг чих тавин хүлээж суусан. Задлан шинжилгээний хариу 18-21 хоногт гардаг журмын дагуу энэ сарын 12-ны өдөр гарах байлаа. Харамсалтай нь хугацаандаа гарсангүй 16 хүртэл хойшилсон юм. Үүнийг учир мэдэх нэг нь ямар нэгэн “но” орчлоо гэж хардаж байсан ч хэргийн гэрч олонтойн дээр олны нүдэнд ил тод болсон юм чинь гээд тайвширсан. 

Гэтэл харамсмаар эмгэнэлтэй гэхэд дэндүү эмгэнэлтэй хариу гарлаа. Шүүх эмнэлгийн шинжээч эмч н.Энхбаяр, н.Ганбаяр, н.Чулуунцэцэг нар “Ямар ч гадны нөлөөгүй нас барсан” гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ юу гэсэн үг вэ. 

Шүүх эмнэлгийн дүгнэлт

Хууль хэнд үйлчлээд байна вэ?

Хууль зүйн сайд А.Тэмүүжин хэлэхдээ “Хууль зүйн салбарын бүх шатны байгууллагын ажилтнууд хэн нэгэн эрх мэдэлтэй, хөрөнгө мөнгөтэй хүнд үйлчилж, хамгаалж, халхавчилдаг бус чин шударгаар иргэдэд үйлчилдэг үйлчилгээний байгууллага болно. Энэ шинэчлэлийг хийж, шударга ёсыг тогтооно” хэмээсэн.

Тэгвэл Сайдаа!!! таны яриад байгаа шударга ёс яг одоо л хэрэгтэй байна. Энэ хэргийн үнэнийг олоход таны хүч нөлөө хэрэгтэй байна. 

Танай яамны харьяа Шүүх эмнэлгийн шинжилгээний хүрээлэнгийн эмч болох н.Энхбаяр, н.Ганбаяр, н.Чулуунцэцэг нарын худуутай хийсэн задлан шинжилгээний хариуг дахин нягталж, өөр эмч нараар дахин шинжлүүлж, хэргийг үнэн зөвөөр шийдэх үүдийг нээж өгөх шаардлага байна.

Бүхний нүдэнд ил байгаа энэ хэргийг хэрхэн шийдэхээс Монгол Улсын хууль цааз хэр хэрэгждэг, Хууль зүйн сайдын хэлсэн үг хэр үнэн болох нь харагдах болов уу.