Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хохирогч бүсгүйг “Гадны нөлөөгүй нас барсан" гэжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2013 оны 12 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Талийгаач Б.Цэдэн-Иш нь Японы хөрөнгө оруулалттай SBT автомашины худалдааны компанид борлуулалтын менежер хийдэг байжээ

н.Алтанхүү гэгч залуугийн гарт хэрцгийгээр зодуулж, нас барсан 21-хэн настай Б.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн өнөөдөр албан ёсны мэдээлэл хийлээ.

Хохирогчийн биед хийсэн Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд “Гадны нөлөөгүй” гэсэн хачирхалтай хариу өгчээ. Энэ дүгнэлтийг хохирогчийн аав н.Баатар, /ээж нь шоконд ороод хэвтрийн болсон учраас хуралд ирээгүй/, нагац эгч Д.Сүрэнхорлоо, авга эгч н.Оюунчимэг болоод тус хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа хуульч М.Ичинноров нар эсэргүүцэж, илт хууль бус дүгнэлт гаргасан гэж үзэж буйгаа хэлсэн юм.

Ядаж дунд шатанд нь авчирсан бол

Хохирогчийг өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-ний өглөө Алтанхүүгийн үеэл гэх Болормаа гэж бүсгүй ГССҮТ-д авчирчээ. Д.Сүрэнхорлоо дүүгээ эмнэлэгт хэвтсэнийг дуулаад ирэхэд тус эмнэлгийн эмч н.Цэнд-Очир “Та нар энэ хүнийг эхний шатанд  нь байг гэхэд ядаж дунд шатанд нь авчирахгүй яав аа. Одоо эцсийн шатандаа орсон амь насыг нь аврахад хүндхэн байна” хэмээн ихэд уурласан байна. Ингээд хагалгаа хийсэн боловч задарсан элгийг нь оёх үед цус алдалт их байсан тул дараагийн хагалгааг маргааш нь хийхээр болжээ. Харамсалтай нь хохирогч 11 дүгээр сарын сарын 15-ны үүрийн 04.00 цагт гэмтлээ даалгүй нас барсан байна.

Дүү минь авах юмгүй болтлоо зодуулсан байсан

Хохирогчийн нагац эгч Д.Сүрэнхорлоо эмнэлэгт ирэнгүүтээ дүү рүүгээ орсон байна. Тэрбээр дүүгээ харангуутаа маш хүнд шоконд орсон төдийгүй итгэж ядахдаа хөнжлийг нь сөхөж үзжээ. Б.Цэдэн-Ишийн нүүр, бие тэр чигтээ авах юмгүй хөх няц болсон төдийгүй өмнө нь ч бас зодуулж байсан ул мөр болох шарх сорви их байсан гэнэ.

Тэрбээр Алтанхүүгийн ээж, дүү нартай нь уулзаж, болсон явдлыг хэлэн орж харахыг хүссэн боловч Алтанхүүгийн ээж “Би орж хараад яахав дээ” хэмээжээ. Мөн “Хүүгээ хаагуур юу хийж явдгийг нь мэдэхгүй” гэж хариулсан байна.

Түүнчлэн одоо хэр нь хохирогчийн арын гэрийнхэнтэй уулзаж, уучлалт ч гуйгаагүй байгаа аж.

АТГ-т ханджээ

Эл хэрэгт өмгөөлөл үзүүлж байгаа М.Ичинноров хуульч шүүх эмнэлгийн дүгнэлтийг үл хүлээн зөвшөөрч байгаагаа хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Тиймээс Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагааг шударга байлгаж, хэргийн үнэн мөнийг тогтооход өөрийн эрх мэдлийн хүрээнд анхааралдаа авч ажиллах хүсэлт гаргасан байна.

Мөн шүүх эмнэлгийн шинжээч эмч н.Энхбаяр, н.Ганбаяр, н.Чулуунцэцэг нарыг АТГ-т шалгуулахаар ханджээ.

Хуульч М. Ичинноров хэлэхдээ “Хохирогчдын зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлтийг үл хүлээн зөвшөөрч, Прокурорт гомдол гаргасан. Шинээр дахин шинжээчдийн баг томилж, шинжилгээг үнэн мөнөөр тогтоож өгөхийг хүссэн байгаа.

Мөн талийгаач бүсгүй гэр бүлийн хүчирхийллийн хохирогч байсан, түүнийг Алтанхүүгийн зодуурын нөлөөнд амиа алдсаныг батлах маш олон баримт, нотолгоо бий. Энэ бүхнийг мөрдөн байцаалтын үйл ажиллагааны нууцтай холбоотойгоор бид одоо ил гаргахгүй. Шаардлагатай үед ил болгоно. Энэ хэргийн хувь заяа хэрхэн шийдэгдэхээс хууль шүүхийн байгууллагуудын шударга эсэх нь шалгагдана” гэсэн юм.

Н.Бадрах: Охинд минь ямар ч хууч өвчин байгаагүй

Мэдээллийн үеэр хохирогчийн аав н.Бадрахтай уулзаж, ярилцлаа.

-Юуны өмнө эл хэрэгт харамсаж байгаагаа илэрхийлье. Охин тань айлын ганц охин байсан гэсэн?

-Тиймээ, би ганц хүү ганц охинтой хүн. Гэтэл өнөөдөр охиноо бусдын гарт алдчихаад сууж байна.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт охиныг тань ямар ч гадны нөлөөгүй амиа алдсан гэж гаргажээ. Мөн хорт хавдартай байсан гэж цуурхал гараад байна?

-Миний охинд хавдар байтугай хууч өвчин ч байгаагүй. Би үүнийг эцгийнх нь хувьд баттай хэлж чадна. Алтанхүү гэж тэр залууд удаа дараа зодуулж байсныг найз нөхөд нь ч гэрчилж байгаа. Нэг дугаараас гураваас дээш удаа залгасан байвал л хардаж, зоддог байсан талаар найзууд нь надад хэлсэн. Гэтэл өнөөдөр шүүх эмнэлгийн дүгнэлт гадны нөлөөгүй гэж гарч байгаа нь үнэхээр харамсалтай. ГССҮТ-ийн эмч нар ч “Үнэхээр аймаар байсан” гэж хэлж байсан.

-Таны хувьд  Алтанхүү гэгч залууг таних уу. Охин тань хэзээнээс түүнтэй хамт амьдарч эхэлсэн юм бол?

-Хамт амьдраад дөрвөн сар болсон юм билээ. Би тэр залууг нь хараагүй. Яахав утасны цаанаас бол ярьж хөөрч байсан. Охиныг минь ингэж зодож, нүддэг гэж яаж санаанд буух билээ.

Хохирогч бүсгүйн аав ийн ярьж байна. Мэдээж цэл залуухан охин үр нь хүний гарт ийнхүү амиа алдчихна гэж хэн санах билээ. Аав ээж рүүгээ залгаад “Охин нь сайн. Ажлаа хийж байгаа” гэдэг байжээ.

Алтанхүүг хэргээс мултлахын тулд ар гэрийнхэн нь түүнийг сэтгэцийн өвчтэй гэсэн цуурхалыг нийгэмд тарааж эхэлсэн гэх мэдээлэл бий. Гэтэл автомашины томоохон худалдаа эрхэлдэг байсан бизнесмэн хүн сэтгэцийн өвчтэй байж таарах уу.