Засгийн газар болон төрийн байгууллагын машины улсын дугаарыг өөр өнгөтэй, QR кодтой болгох шийдвэр гарчээ.
Уг шийдвэр хэрэгжиж эхэлсэн эсэх талаар Автотээврийн үндэсний төвөөс тодруулахад "Одоохондоо уг шийдвэртэй холбоотой чиглэл холбогдох яамнаас ирээгүй байна" гэв.
Харин Зам тээврийн хөгжлийн яамны эх сурвалж хэлэхдээ "Засгийн газар болон төрийн байгууллагын машины улсын дугаарыг өөрчлөхтэй холбоотой норм, стандарт удахгүй батлагдана. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагуудын улсын дугаарыг өөрчилж, нэг стандарттай болгох шийдвэр гарсан. Гэхдээ арай хэрэгжиж эхлээгүй буюу норм стандартыг 14 хоногийн дотор батлахаар бэлтгэл ажил хангагдаж байна" хэмээлээ.
Нэмж хэлэхэд, дээрх стандарт батлагдаж, төрийн байгууллагуудын автомашины улсын дугаар өөр өнгөтэй, QR кодтой болсноор иргэд тухайн кодыг уншуулж тухайн тээврийн хэрэгслийг ямар хэрэгцээнд аль байгууллага ашигладаг талаар мэдээлэл авч, хяналт тавих боломжтой болох юм.
Мөн бусад тээврийн хэрэгслийн улсын дугаарын одоо мөрдөгдөж байгаа стандартын ялгааг доорх зургуудаас харах боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!