Худалдаа, үйлчилгээний салбарт бизнес эрхлэгчдэд хүргэх таатай мэдээ байна. БНХАУ-ын технологийн гигант, Tencent группийн хөгжүүлсэн, Хятадад хамгийн өргөн хэрэглэгддэг Wechat Pay үйлчилгээ Монголд нэвтэрснийг та мэдсэн үү?
БНХАУ-аас Монгол Улсад жилд 160 гаруй мянган жуулчин ирдэг. Тэдний 93 хувь нь Wechat-аар төлбөр тооцоо хийхийг илүүд үздэг байна. Учир нь, Wechat нь одоогоор дэлхийн 65 улсад төлбөр тооцоо хийх боломжийг БНХАУ-ын иргэдэд бий болгоод байгаа. Энэ нь хэд хэдэн чухал асуудлыг Хятадын жуулчдад шийдэж өгсөн юм. Тухайлбал, аюулгүй байдал. Наанадаж их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч явах шаардлагагүй болсноор хаяж үрэгдүүлэх эрсдэлийг бууруулсан. Нөгөө талаас шууд үндэсний валютаараа төлбөр хийх болсон тул валют солиулахад гардаг ханшийн зөрүү, шимтгэл гэх мэт зардлыг тэглэж, цаг хугацааг хэмнэж, санаа зовних асуудлуудыг нь ихээхэн хөнгөлж өгч байна.
Wechat Pay нь Монголд нэвтэрснээр манай дотоодын худалдаа, үйлчилгээний бизнес эрхлэгчдэд мөн олон давуу тал бий болж буй юм. Жуулчид бол “өөрөө ирдэг экспорт” гэдэг. Манай улсад ирдэг жуулчдын хамгийн том урсгалыг татаж, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ БНХАУ-ын зах зээлд танилцуулж, ашиг орлогоо нэмэгдүүлэхэд тус болох нэг энгийн боловч маш үр дүнтэй технологийн шийдэл нь Wechat Pay байх болно.
Нэгэнт Tencent, Qpay системийн холболт амжилттай болсон тул цаашид үйлчилгээг өргөжүүлэх, хөгжүүлэх боломжууд нээлттэй байна. Инновэйшн Инвестмент компанийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэмөнх “Wechat Pay үйлчилгээ нь дотроо худалдаа үйлчилгээг дэмжих олон боломжтой. Бид одоогоор QR кодоор төлбөр тооцоо хийх боломжтой болгоод байна. Үүний дараагаар “In app pay” буюу Wechat аппликэйшн дотор Монголын аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байршуулж онлайн худалдаа хийх боломжтой болгохоор ажиллаж байна” хэмээн ярилаа.
Wechat Pay-ийн дэлхий даяар 1.2 тэрбум хэрэглэгчтэй холбогдох боломжийг ашиглахад ганц л энгийн алхам хэрэгтэй. Тээвэр хөгжлийн банкны салбарт очин Wechat merchant үйлчилгээг авах хүсэлтээ өгөхөд л хангалттай аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!