Б.Бямбасайхан: Борооны ус зайлуулах шугам, хоолойн хог хаягдлыг өдөр бүр цэвэрлэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
58 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Улаанбаатар хотыг үерийн эрсдэлээс хамгаалах чиглэлээр Геодези, усны барилга, байгууламжийн газраас үе шаттай арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд авто замын борооны ус зайлуулах шугамын угсралт, цэвэрлэгээ, үерийн далангийн арчилгаа болон ус хуримтлуулах байгууламжийн ажлуудыг долоон бригад өдөр бүр гүйцэтгэж байгаа аж.

Энэ тухай тус газрын дарга Б.Бямбасайхан "Борооны ус зайлуулах шугам хоолойн гэмтэл, лаг хагшаас хуримтлагдсан хэсгүүдийг үзлэгийн камераар нарийвчлан тодорхойлж, тусгай зориулалтын машин механизм ашиглан бөглөрсөн шугам хоолойн лаг хагшаасыг угааж, буудуулан цэвэрлэх ажлыг гүйцэтгэж байна.

2026 онд нийслэлийн хэмжээнд нийт 63 байршилд 43.5 км урт борооны ус зайлуулах шугам хоолойн ашиглалтын хэвийн ажиллагааг хангана" гэв.

Ус зайлуулах шугам хоолойд хуримтлагдсан лаг, хог хаягдлыг цэвэрлэснээр ус нэвтрүүлэх чадварыг сайжруулдаг байна. Иймд үерийн далан, ус зайлуулах шугам руу хог хаягдал хийхгүй байхыг уриалав.

Энэ онд авто замын ус зайлуулах шугам, худгийн арчлалт, засварт нийслэлийн төсвөөс ₮1 тэрбумыг зарцуулна.

Сануулахад Улаанбаатар хотод 1966 оны үерт 3,000-5,000 айл усанд автаж, гэр хорооллын ихэнх хэсэг усанд автан нам дор бүсийн байшингууд нурж, зам гүүр, эрчим хүч, холбооны шугамууд тасарч байжээ. Тухайн үеийн мөнгөн дүнгээр нарийвчилсан тоо байхгүй ч  “Их хэмжээний хохирол” гэж архивт тэмдэглэгдсэн байдаг байна.

Харин 2023 оны үерт 128,000 гаруй хүн өртөж, 20,000 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлж байсан. Энэ үерээр 54 байшин, 15 гэр нурсан бөгөөд 141 орон сууцны барилгын зоорины давхар усанд автаж, хийц эвдэрчээ. Мөн 500 гаруй автомашин эвдэрсэн бөгөөд 2023 оны үерийн нийт хохирол 50.2 тэрбум төгрөг гэсэн тооцоолол гарчээ.