С.Батсайхан: Тэмээтэй хөшөөний уулзвараас Мишээл экспо хүртэл борооны ус зайлуулах шугам угсарна
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөнд борооны ус зайлуулах шугам угсарч эхэлжээ.
Ажлын явцын талаар Геодези, Усны Барилга Байгууламжийн Газрын ерөнхий инженер С.Батсайхан "Чингисийн өргөн чөлөөнд 3,070 метр урт, 600-1,000 диаметртэй төмөр бетон хоолойгоор борооны ус зайлуулах шугамыг угсарч байна. Шугам нь ус хүлээж авах болон дамжуулах 115 худагтай. Тэмээтэй хөшөөний уулзвар буюу 120 мянгатаас Мишээл экспо хүртэл хэсэгт уг шугамыг угсарна. Ингэснээр Хан-Уул дүүргийн 1, 3 дугаар хороо болон авто замын хойд, урд тал ус зайлуулах төв шугамтай болно.
Одоогийн байдлаар 540 метр газарт ус зайлуулах шугамыг угсраад байна. Тус байршилд холбооны сувагчлал, явган хүний чулуун замыг тавих ажил зэрэг хийгдэж байгаа юм" гэж мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
