АНУ-ын ерөнхийлөгч Ираны дайн, худалдаа, Тайванийн асуудлыг хэлэлцэхээр Бээжин хотод айлчлан ирлээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
34 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр орой Ираны дайн, худалдаа, Тайваньд зэвсэг нийлүүлэх зэрэг асуудлуудыг Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпинтэй хэлэлцэхээр Бээжин хотод айлчлан иржээ.

Дээд хэмжээний уулзалт өнөөдөр буюу Пүрэв гарагт эхлэхээр байна.

АНУ-ын ерөнхийлөгчийг Хятадын дэд ерөнхийлөгч Хань Жэн, Вашингтон дахь Хятадын элчин сайд Ше Фэн, гадаад хэргийн дэд сайд Ма Жаошу, Бээжин дэх АНУ-ын элчин сайд Дэвид Пердю зэрэг албаны хүмүүс угтаж авсан юм.

Угтан авах ёслолд хүндэт харуулын цэргүүд, цэргийн найрал хөгжимчид, хоёр улсын далбаа барьсан 300 орчим хүүхэд оролцсон байна.

зураг
 

Бээжин нисэхийнхээ өмнө Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп “Бид бол хоёр супер их гүрэн. Бид цэрэг зэвсгийн хувьд дэлхийн хамгийн хүчирхэг хоёр улс. Хятад улс хоёрдугаарт бичигддэг” гэж хэлсэн юм.

Хэдийгээр Трамп хүч чадлаа илэрхийлэх дуртай нэгэн ч энэ айлчлал түүний хувьд Ираны дайн, түүнээс улбаатай инфляцын өсөлтийн улмаас нэр хүнд нь унасан эмзэг цаг үетэй давхцаж байна.

АНУ-аас илүү их шар буурцаг, үхрийн мах, нисэх онгоц худалдан авхуулах зэрэг хоёр улсын худалдааны асуудал уулзалтын гол сэдэв байхыг Трамп нисэхийнхээ өмнө мэдэгджээ.

Энэ зорилгын хүрээнд Трампын засаг захиргаа хоёр улсын хоорондох санал зөрөлдөөнийг шийдвэрлэх үүрэгтэй Худалдааны Зөвлөл байгуулах үйл явцыг эхлүүлэх хүсэлтэй байна.

Өнгөрсөн онд Трампын засаг захиргаа Хятадын бараа бүтээгдэхүүний импортын татварын хэмжээг өсгөхөд Бээжингийн эрх баригчид газрын ховор элементийн нийлүүлэлтээ хязгаарлах замаар хариу арга хэмжээ авсан.

Аравдугаар сард талууд хоорондын худалдааны дайны галыг нэг жилийн хугацаанд зогсоох тохиролцоонд хүрсэн юм.

Өөр нэг хэлэлцэх чухал асуудал нь Ираны дайн болоод байгаа. Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчи өнгөрсөн долоо хоногт Бээжинд айлчилсан. Гэсэн хэдий ч Трамп айлчлалынхаа өмнө Ираны мөргөлдөөнийг зохицуулахад Ши Жиньпиний туслалцаа хэрэггүй гэж мэдэгдсэн нь анхаарал татаж байна.

“Бидэнд хэлэлцэх маш олон асуудал бий. Гэхдээ эдгээрийн нэгийг Ираны асуудал гэж би хэлмээргүй байна. Учир нь Иран бидний бүрэн хяналтад байгаа” гэж Мягмар гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп хэлж байв.

Дараагийн нэг чухал асуудал Хятад улс өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг Тайваньтай холбоотой юм.

Тус арлын засаг захиргаанд АНУ зэвсэг нийлүүлэхээр төлөвлөж буйд Хятадын эрх баригчид тааламжгүй ханддаг.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын засаг захиргаа Тайваньд $11 тэрбумын дүнтэй зэр зэвсгийн багц худалдах шийдвэр гаргасан ч хэрэгжиж эхлээгүй байгаа.

Хэрвээ хэрэгжвэл энэ нь АНУ, Тайванийн хооронд хийгдсэн хамгийн том зэвсгийн наймаа болох юм. Трамп айлчлалынхаа үеэр энэ асуудлыг Ши Жиньпинтэй хэлэлцэхээр төлөвлөснөө Даваа гарагт мэдэгдсэн.

Нөгөө талаар дэлхийн тэргүүлэх чип үйлдвэрлэгч Тайвань нь хиймэл оюуны технологийн хөгжилд чухал үүрэгтэй бөгөөд АНУ энэ онд Хятадаас бус, Тайваниас илүү их хэмжээний хагас дамжуулагч бүтээгдэхүүн импортолсон.

Хятадын Коммунист Намын төв хэвлэл Ардын Сонин айлчлалын өмнө Тайвань бол “АНУ-Хятадын харилцааны давж болшгүй хамгийн эхний улаан шугам юм”, хоёр улсын дундах “хамгийн том эрсдэлийн цэг юм” гэх мэт хатуу анхааруулга бүхий редакцын өгүүлэл нийтэлж байв.

Трамп нисэхийнхээ өмнө айлчлал нь амжилттай болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлснээс гадна энэ оны сүүлээр болох Ши Жиньпиний хариу айлчлалын үеэр Цагаан ордны өргөтгөл хэлбэрээр баригдаж буй хүлээн авалтын их танхим ашиглалтад орж чадахгүйд харамсаж байгаагаа мэдэгджээ.

“Бид ирэх олон арван жилийн турш гайхалтай сайхан харилцаатай байх болно” гэж Трамп энэ үеэр хэлсэн байна.

Трампын айлчлалд гэр бүлийн зарим гишүүдээс нь гадна Тесла компанийн Илон Маск, Nvidia компанийн Женсен Хуан зэрэг бизнесийн том төлөөлөгчид дагалджээ.

 

Эх сурвалж: Associated Press