Бээжингийн хамгийн өндөр цамхгийг хөнгөн нисэх онгоц мөргөсөн ховор ослыг Хятадын эрх баригчид мөрдөн шалгаж байна

Т.Давааням, ikon.mn
43 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Бээжин хотын хамгийн өндөр барилгыг хөнгөн нисэх онгоц мөргөсний улмаас нисгэгч нь амиа алдаж, барилгад байсан 13 хүн бэртсэн осол гарчээ.

Агаарын орон зай нь маш өндөр харуул хамгаалалттай байдаг гэгддэг Хятадын нийслэлд ийм осол гарсан нь ховор тохиолдол юм.

Чаоян дүүргийн захиргаа Бямба гарагт гаргасан мэдэгдэлдээ бэртсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, ослын мөрөөр шалгаж байгааг дурджээ.

“Зургаадугаар сарын 26-ны өдрийн 17:55 цагт Чаоян дүүргийн зүүн гуравдугаар тойрог замын ойролцоо нисэж байсан нэг хөдөлгүүртэй, хоёр суудалтай спорт загварын нисэх онгоц өндөр барилгыг мөргөсөн. Онгоцонд байсан цорын ганц хүн болох нисгэгч амиа алдсан” гэж уг мэдэгдэлд өгүүлсэн байна.

зураг
 

Онгоц мөргөсөн барилга нь Бээжингийн бизнесийн дүүрэгт оршдог 528 метр өндөр CITIC цамхаг юм. Энэ барилга өдөр бүр мянга мянган жуулчин зочилдог Хориотой Хотын цогцолбороос зургаан километр зайд оршдог.

Өчигдрийн байдлаар онгоц мөргөсний улмаас хагарсан хоёр том шилэн хавтанг түр хаалтаар хаасан байв.

Баасан гарагт барилгаас газарт цацагдсан шилний хэлтэрхийнүүд, онгоцны сэг зэргийн зураг сошиал орчинд тараад байжээ. Гэвч удалгүй эдгээр зургууд устгагдсан юм.

зураг
 

Flightradar24 сайтын мэдээллээс харахад B-12PP бүртгэлийн дугаартай онгоц Бээжингийн зүүн хойд захын дүүргээс хөөрч, хотын төвийг чиглэн ниссэн байна.

Уг онгоц нь Хятадын Sunward компанийн үйлдвэрлэсэн хоёр хүний суудалтай, нэг хөдөлгүүртэй спорт загварын Aurora SA60L хөнгөн нисэх онгоц байжээ.

Хэдэн жилийн өмнө онгоцны эзэмшигч нь Бээжинд төвтэй Dongshi Shuangyue General Aviation компани байсныг мэргэжилтнүүд тогтоосон байна.

Гэхдээ энэ компани онгоцыг эзэмшсэн хэвээр байгаа эсэх, нисгэгч нь тус компанитай холбоотой эсэхийг тогтоож чадаагүй байна.

Ямартай ч тус компани Бээжингийн төвөөс 50 км зайд оршдог Пингу хотод аялал жуулчлалын нислэг, нисгэгч бэлдэх сургалт зэрэг үйл ажиллагаа явуулдаг ажээ.

 

Эх сурвалж: Reuters