Бямба гарагт Герман, Дани, Чех улсуудад агаарын температур түүхэн дээд хэмжээндээ хүрчээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт Европ тивд бас нэг хэт халуун өдөр тохиож, хэд хэдэн улсад агаарын температур түүхэн дээд хэмжээндээ хүрсэн байна.

Урьдчилсан мэдээллээр Германд хоёр өдөр дараалан түүхэн дээд халалт эвдэгдэж, өчигдөр агаарын температур Цельсийн 41.5 хэмд хүрчээ.

Өмнөх өдөр нь Францын хилийн ойролцоо Саарбрюкен хотын ойролцоо 41.3 хэмд хүрсэн юм.

Европ тив даяар одоо 150 сая орчим хүн Цельсийн 35 хэмээс дээш температуртай халуун орчин нөхцөлд амьдарч байгааг судлаачид тооцоолсон байна.

Өчигдөр Праг хотын хойд талд оршдог Доксани орчимд Цельсийн 40.8 хэмийн халалт бүртгэгдсэн нь Чех улсын хувьд түүхэн дээд үзүүлэлт болжээ.

Дани улсын Аархус хотын ойролцоо цаг уурын станц Цельсийн 37 хэмийн халалт бүртгэсэн нь 1976 оны 36.4 хэмийн түүхэн дээд халалтыг эвдсэн өндөр үзүүлэлт болсон байна.

Швейцар улсад өчигдөр жил бүрийн зургаадугаар сарын хамгийн халуун өдрийн үзүүлэлт гурав дахь өдрөө дараалан шинэчлэгджээ.

Тус улсын хойд бүсийн Базель хотод Цельсийн 39 хэм хүрч халсан юм.

Өнгөрсөн долоо хоногт Европ тивийн баруун хэсэг, Испани, Франц улсуудаас эхэлсэн агаарын хэт халалт энэ долоо хоногоос зүүн зүгт шилжиж байна.

Хэт халалт эхэлснээс хойш Франц улсад сэрүүцэх зорилгоор усанд сэлж байгаад живсэн хүний тоо 55 хүрчээ.

Тэдгээрийн гуравны хоёр нь хараа хяналтгүй газарт сэлж байхдаа живсэн байна.

Испанийн эрүүл мэндийн алба Ням гарагаас Пүрэв гарагийн хооронд 327 хүн нас барсныг агаарын хэт халалттай холбоотой гэж урьдчилсан байдлаар дүгнэжээ.

Европ тив нь манай гарагийн хамгийн хурдтай дулаарч буй бүс нутаг юм. Үүнд Умард туйлын дулаарал, Атлантын далайн урсгалын өөрчлөлт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.

Зуны эхэн үеийн ийм өндөр халалт 50 жилийн өмнө бараг боломжгүй үзэгдэл байсныг World Weather Attribution байгууллагын судлаачид мэдэгджээ.

Тэд үүнд уур амьсгалын өөрчлөлт буруутай гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Европ тивийн баруун хэсэгт шилжиж ирсэн сэрүүн агаарын урсгал ирэх долоо хоногийн сүүлээр халалтын эрчмийг бууруулж магадгүйг цаг уурчид мэдээлжээ.

 

Эх сурвалж: BBC