Венесуэлийн газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 1,400 хүрэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
18 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагийн орой Венесуэлийн хойд эрэг орчимд дараалан болсон хоёр газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 1,400 давсныг тус улсын Үндэсний Ассамблейн ерөнхийлөгч Хорхе Родригес өчигдөр мэдээлжээ.

Үүнээс гадна 3,200 орчим хүн гэмтэж, 3,100 хүн орон гэргүй болсныг тэр мэдээлсэн байна.

Сураггүй алга болсон хүмүүсийн жагсаалтад гэр бүлийнхэн нь 68,900 орчим хүний нэрийг бүртгүүлжээ.

Аврах, эрэн хайх ажилд засгийн газрын хүч хүрэлцэхгүй байгаа тул энгийн иргэд хүрз, нүцгэн гараараа барилгын нурангийг малтаж байна.

Газар хөдлөлтийн улмаас $6.7 тэрбумын хохирол учирсан нь Венесуэлийн дотоодын нийт бүтээгдэхүүний 6 хувьтай тэнцэж байгааг Бямба гарагт НҮБ мэдээлжээ.

Үүнд зөвхөн нурсан барилга, орон сууц зэрэг хөрөнгийн хохирлыг тооцсон бөгөөд эдийн засгийн өргөн хүрээний хохирлыг тооцоогүй гэнэ.

Бямба гарагт АНУ, Мексик, Бразил, Эль Сальвадор, Франц зэрэг улсуудын аврагчид Венесуэлд нэмж ирсэн байна.

Гэвч Каракас хотын цорын ганц олон улсын нисэх буудал газар хөдлөлтийн улмаас гэмтсэн нь олон улсын аврагчдыг хүлээж авахад хүндрэл учруулжээ.

Тухайлбал Их Британийн аврагчдын баг Венесуэл руу нисэхээсээ өмнө Мадридын нисэх буудалд 24 цагаас дээш хугацаагаар саатсан байна.

АНУ-ын тус бүр 80 хүний бүрэлдэхүүнтэй хоёр аврах баг Венесуэлд ажиллаж эхэлсэн, тэнгисийн цэргийн хөлөг бэртэж гэмтсэн хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлэх зорилгоор Венесуэлийн эрэгт байрласныг төрийн департаментын албан тушаалтан Жереми Левин мэдээлжээ.

Амиа алдагсдын дотор Португалийн 15, Хятадын 7, Бразилын 2, Испанийн 5, Итали-Венесуэлийн давхар иргэн нэг зэрэг гадаадын иргэд олон байгааг албаныхан тогтоосон байна.

Хугацаа өнгөрөх тусам нурангид дарагдсан хүмүүсийн амьд үлдэх магадлал буурч буй тул аврагчид цаг нартай уралдан ажиллаж байна.

 

Эх сурвалж: Reuters