Ираны дайны үеэр Израилийн ерөнхий сайд АНЭУ-д нууцаар айлчилсан нь ил болжээ

Т.Давааням, ikon.mn
49 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ираны дайны үеэр ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нууцаар Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ад айлчилж, тус улсын ерөнхийлөгчтэй уулзсаныг Израилийн засгийн газар өчигдөр анх удаа мэдээлжээ.

Энэ нь хоёр улсын удирдагчид биечлэн уулзсан анхны батлагдсан тохиолдол болж байна.

Израилийн засгийн газар уг уулзалтыг хоёр улсын харилцаанд гарсан “түүхэн дэвшил” гэж тодорхойлжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр Нетаньяху, АНЭУ-ын ерөнхийлөгч Шэйх Мохаммед бин Зайед нар гуравдугаар сарын 26-ны өдөр Оманы хилийн ойролцоох Аль-Айн хотод уулзаж, хэдэн цагийн турш ярилцсан гэнэ.

Үүнээс гадна Ираны дайны үеэр талуудын цэргийн ажиллагааг уялдуулах зорилгоор Моссадын тэргүүн Деди Барнеа хоёр ч удаа АНЭУ-д айлчилсныг эх сурвалж баталжээ.

зураг
 

АНЭУ нь Арабын орнууд болон Израилийн хоорондын харилцааг сайжруулах зорилготой Абрамын Гэрээний хүрээнд 2020 онд Израильтай дипломат харилцаа тогтоож байв.

Ираны халдлагад өртөх болсныхоо дараа тус улс АНУ болон Израильтай улам илүү ойртон нягтрах болсон юм.

Дайны үеэр Израиль улс өөрийн агаарын довтолгооноос хамгаалах “Төмөр Дээвэр” системийг ажиллуулах хүн хүчний хамт АНЭУ-д илгээснийг Иерусалимд суугаа АНУ-ын элчин сайд Майк Хакаби энэ долоо хоногийн Мягмар гарагт мэдээлжээ.

АНЭУ бол бүс нутгийн бизнес, санхүүгийн том төв бөгөөд АНУ-ын хамгийн чухал холбоотнуудын нэг юм.

Дайн эхэлсэн цагаас хойш Персийн булангийн орнуудад Иранаас халдах болсны дийлэнх нь АНЭУ-ыг чиглэж байв.

Персийн булангийн бусад улсуудаас ялгаатай нь АНЭУ газрын тосоо Ираны хяналтад байдаг Ормузын хоолойгоор дайруулалгүй экспортлох боломжтой дамжуулах хоолойтой юм.

Тиймээс Ормузын хоолойн хаалтыг хамгийн удаан тэсвэрлэх чадвартай улсад тооцогдож байна.

 

Эх сурвалж: Reuters