Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

Apple компани Лондон дахь шинэ оффисоо нүүрсээр ажилладаг байсан хуучин цахилгаан станцын байранд нээнэ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Apple компани Британийн нийслэл Лондон хот дахь шинэ оффисоо 39 жилийн өмнө хаагдсан хуучин цахилгаан станцын байгууламжид нээхээр төлөвлөжээ.

Даваа гарагт тус компанийн гүйцэтгэх захирал Тим Күк 2023 онд нээгдэх шинэ байрныхаа зураг төслийн зарим хэсгээс сошиал хуудсандаа нийтэлсэн байна.

Бэттерси нэртэй уг цахилгаан станц нүүрсээр ажилладаг байсан юм. 46,000 метр квадрат талбайтай, зургаан давхар шинэ оффис нь 1,400 орчим ажилтны багтаамжтай байхыг Күк мэдээлжээ.

зураг
 

Бэттерси цахилгаан станцын байгууламж нь Темза мөрний өмнөд эрэгт оршдог, Лондон хотын нүүр царай болсон газруудын нэг юм.

1929-1955 оны хооронд байгуулагдсан уг цахилгаан станц ид үедээ Лондон хотын эрчим хүчний 20 хувийг хангаж байсан гэдэг.

1983 онд станцын үйл ажиллагааг бүрэн зогсоож, Лондон хотын хуучны түүхэн дурсгалт барилга байгууламжийн жагсаалтад оруулж байжээ.

Цахилгаан станцын байрыг удаан хугацаанд сэргээн засварласан бөгөөд аравдугаар сарын 14-нд олон нийтэд нээхээр болсон байна.

Энд Apple-ийн оффисоос гадна хувийн орон сууцнууд, ресторан зоогийн газрууд, дэлгүүрүүд нээгдэх гэнэ.

“Нэгэн үед Лондон хотын эрчим хүчний гол эх үүсвэр болж байсан байгууламж одоо тус хотын өнгөрсөн ба ирээдүйг холбосон бэлгэдэл болох гэж байна. Бид үүний нэг хэсэг болох гэж байгаадаа баяртай байна” гэж Тим Күк твиттер хуудсандаа бичжээ.

 

Эх сурвалж: Business Insider