ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

PayPal зэрэг олон улсын төлбөрийн системээр орлого авдаг болох шийдэл олоход Монголбанктай хамтарна

Г.Мөрөн, iKon.mn
2022 оны 9 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Инновац, цахим бодлогын Байнгын хороо хуудсаас авав

Монгол Улс PayPal болон бусад олон улсын төлбөрийн системээр орлого хүлээж авах шийдлийг хэрэгжүүлэхийг зорьж байгааг Инновац, цахим бодлогын Байнгын хорооноос мэдээлэв.

Энэ дагуу болон цахим хөгжлийг дэмжих хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор банк санхүүгийн салбарын цахим хөгжлийн талаар мэдээлэл солилцохоор Монголбанкны удирдлагууд, холбогдох алба хаагчдыг тус Байнгын хороо хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар

  • Эдийн засгийн төлөв байдал
  • Банк санхүүгийн салбарт Цахим гарын үсгийн тухай хуулийн хэрэгжилт
  • Төлбөр тооцооны системийн өнөөгийн байдал, хөгжил
  • Олон улсын төлбөр тооцооны Paypal болон бусад системээс Монгол Улс орлого хүлээж авах шийдэл гэсэн асуудлуудыг ярилцсан байна. 

Инновац, цахим бодлогын Байнгын хорооны уулзалтууд дээр технологийн компаниуд, старт-апууд, бизнес эрхлэгчдийн хувьд PayPal зэрэг төлбөрийн системүүд дээр Монгол Улсаас зарлага гаргаж болж байгаа хэрнээ орлого авч чадахгүй байгаа нь хамгийн чухал тулгамдсан асуудал болж байгаа нь хөндөгдсөөр байв. Өөрөөр хэлбэл, дэлхийн цахим технологийн зах зээлээс эх орондоо орлого оруулах өргөн боломж байхад ашиглаж чадахгүй байгаа юм.

Тиймээс энэхүү шийдлийг олоход Монголбанк болон бусад байгууллагуудтай яаралтай хамтран ажиллахаар боллоо. Монголбанкнаас энэ талаар тухайн байгууллагуудтай идэвхтэй ярилцаж байгаа бөгөөд ойрын хугацаанд технологийн ямар боломж байгаа талаар танилцуулна гэдгээ илэрхийллээ.