Уншиж байна ...

Дарханы замын тендертэй холбоотой сэжигтнийг цагдан хорив

А.Төгөлдөр, iKon.mn
2022 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийн эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтын тендерийг анх шалгаруулахад оролцсон Зам, тээврийн хөгжлийн яам болон бусад байгууллагын албан тушаалтнуудыг АТГ-аас шалгаж эхэлсэн билээ.

Тодруулбал, сонгон шалгаруулалтыг хариуцаж байсан тухайн үеийн сайд, яамны мэргэжилтнүүд, авто замын газрынхан зэрэг нэлээд хэдэн хүнээс тайлбар мэдүүлэг авч буй. Энэ хүрээнд ажиллах хүч, техник тоног төхөөрөмжгүй, зам барих туршлагагүй БНХАУ-ын аж ахуйн нэгжийг тендерт шалгаруулахад нөлөөлж, хээл хахуульд зуучилсан байж болзошгүй гэх хэрэгт иргэн Б-г сэжиглэн цагдан хорьжээ.

Тухайн үеийн ЗТХЯ-ны албан тушаалтантай найз түүнийг тендерийн хороонд нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэж байгаа аж. 

Тодруулбал, Б тендерийн хорооныхонд нөлөөлснөөр шаардлага хангаагүй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Чайна гео инженеринг корпорац” компанид ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд давуу байдал олгосон байж болзошгүй аж. Тус компани өмнө нь Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн хатуу хучилттай 50 км зам барих тендерт шалгарсан ч гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүйн улмаас төрд 10.9 тэрбум гаруй төгрөгийн хохирол учруулж байжээ. ЗТХЯ-наас уг аж ахуйн нэгжийн эсрэг зарга мэдүүлж, маргаан нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын бүтээн байгуулалтад оролцох тендерт шалгарсан аж.

Ингэхдээ ЗТХЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд сонгон шалгаруулалтын баримт бичгийг өөрчлөн шүүх, арбитрын маргаантай оролцогчийг шалгаруулахгүй байх заалтыг нь хасаж байгаад “Чайна гео инженеринг корпорац” компанийг ялуулжээ. Уг компани нь Улаанбаатар-Дархан чиглэлийн замын дөрөвдүгээр багц буюу Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замыг барихаар болсон ч ажлаа үр дүнтэй гүйцэтгээгүй тул ийнхүү шалгаж эхэлсэн байна.