Уншиж байна ...

ОХУ-аас гарах иргэдийн шилжилт хөдөлгөөн нэмэгдсэнийг Кремль үгүйсгэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
2022 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Лхагва гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин цэргийн хагас дайчилгаа зарласан нь тус улсын иргэдийг эх орноосоо олноор дүрвэхэд хүргээд байна.

Дайчилгаа зарласны дараах эхний нэг хоногийн байдлаар ОХУ-ын бараг бүх хөрш орнуудын хилийн нэвтрүүлэх хэсэгт иргэдийн урт цуваа үүсэж, ачаалал нэмэгдсэн тухай эх сурвалжууд мэдээлжээ.

Тухайлбал Финланд улсын хилээр Лхагва гарагт ОХУ-аас 4,800 гаруй хүн нэвтэрсэн нь долоо хоногийн өмнөх 3,100 хүнээс бараг 50 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Орос-Гүржийн хилийн шалган нэвтрүүлэх хэсэг хэт ачааллын улмаас бараг “нурсан” тухай Эхо Кавказа суваг мэдээлжээ.

Ижил нөхцөл байдал Монголын хил дээр үүссэн тухай иргэд мэдээлж байгаа ч тус улсын эрх баригчид ачаалал нэмэгдсэнийг үгүйсгэж байна.

Казахстаны хилээр нэвтрэх гэсэн автомашинуудын урт цувааны дүрс бичлэгийг иргэд сошиал сүлжээнд хуваалцаж байна.

Харин Балтийн тэнгисийн сав газрын Латви, Литва, Эстони улсууд цэргийн дайчилгаанаас зугтсан Оросын иргэдийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж, хилээ хаагаад байгаа юм.

Оросын олон улсын нисэх буудлуудын ажилтнууд эрэгтэй зорчигчдоос цэргийн алба хаасан эсэх, буцаж ирэх тасалбараа авсан эсэх зэрэг мэдээллийг лавлаж эхэлсэн тухай сэтгүүлч, нийгмийн идэвхтэн Ксения Собчак мэдээлжээ.

Харин Кремлийн хэвлэлийн алба хилийн шалган нэвтрүүлэх хэсгүүдийн ачаалал нэмэгдсэн тухай мэдээллийг “хэтрүүлэг”, сошиал сүлжээнд тарсан дүрс бичлэгүүдийг “хуурамч” гэж үзэж байгаагаа өчигдөр сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Цэргийн дайчилгаанаас зугтах үзэгдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-ын бүрэлдэхүүнд багтдаг Татарстаны эрх баригчид цэргийн насны эрэгтэйчүүдийн оршин суугаа газраасаа явах шилжилт хөдөлгөөнийг хориглох захирамж гаргажээ.

“Бэлтгэл хүчний офицер, ахлагч, түрүүч, цэрэг, далайчдыг оршин суугаа хот дүүргээсээ гадна зорчихыг түр хугацаагаар хориглож байна” гэж Татарстаны засгийн газрын мэдэгдэлд өгүүлсэн байна.

Татарстаны эрх баригчид бас бизнесийн байгууллагуудад өөрийн цэргийн насны эрэгтэй ажилтнуудын жагсаалтыг гаргаж өгөх, ингээгүй тохиолдолд захиргааны хариуцлага хүлээлгэх тухай мэдэгдэл хүргүүлжээ.

ОХУ-ын батлан хамгаалах яам Украинд байлдах хүчээ зузаатгах зорилгоор 300,000 хүртэл бэлтгэл хүчийг дайчлахаа мэдэгдээд байна.

 

Эх сурвалж: The Moscow Times