"Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг хайх нь" олон улсын эрдэм шинжилгээний тавдугаар хурал болж байна.
Хоёр өдрийн турш болох уг эрдэм шинжилгээний хуралд Монгол, Япон, БНСУ, Бүгд Найрамдах Молдав, Тайвань, Гүрж, ОХУ зэрэг орны 200 гаруй эрдэмтэн судлаач, эмч, мэргэжилтэн цахимаар оролцож байгаа юм.
Манай улсын хувьд, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл ихтэй долоон орны нэгт багтдаг бөгөөд дэлхийн нийт улстай харьцуулахад сүрьеэгийн дарамт өндөр 30 орны тоонд ордгийг мэргэжилтнүүд онцлов.
Мөн жил бүр сүрьеэгийн 3,500 орчим шинэ тохиолдол бүртгэгддэг нь халдварт өвчний 10 хувьд дангаараа тооцогддог бөгөөд халдварт өвчний шалтгаант нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болдог байна.
Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Бид өнөөдөр сүрьеэгийн тусламж үйлчилгээг цар тахлын үед бууруулахгүйгээр яаж авч явах вэ гэдэг дээр илүү төвлөрч хэлэлцэж байна. Өөрөөр хэлбэл, сүрьеэгийн эсрэг эмнэлгийн тусламж үйлчилгээнд цар тахал нөлөөлсөн байна уу гэдгийг бусад улс орнуудтай харилцан хэлэлцэж, туршлагаа солилцож байна.
Манай улсын тухайл цар тахлын жилүүдэд сүрьеэгийн илрүүлэг буурсан. Тодруулбал, цар тахлаас өмнө 30 хувьтай байсан сүрьеэгийн илрүүлэг одоо 20 хувь болж, 10 хувиар буурсан байгаа.
Илрүүлэг ингэж буурсан гэж үзэж байгаагийн шалтгаан нь коронавирусийн эсрэг хэрэгжүүлсэн нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ буюу амны хаалт зүүх, зай барих зэрэгтэй холбоотой. Уг арга хэмжээ нь сүрьеэгийн тархалт буурахад ч нөлөөлсөн байж болно гэсэн үг.
Нөгөө талаар дээрх хугацаанд сүрьеэгийн эмчилгээний тасаг болон орыг коронавирусийн халдварыг эмчлэхэд зориулсан бөгөөд сүрьеэгийн эмч нарыг цар тахлын эсрэг дайчилсан учраас илрүүлэг нь ингэж буурсан тал бий" гэлээ.
Түүнээс гадна сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээ энэ сарын 19-28-ны хооронд хийгдэнэ гэдгийг тэр онцолсон юм. Тус үнэлгээ нь есөн жилийн дараа ийнхүү хийгдэх гэж байгаа тул ДЭМБ-аас мэргэжилтнүүд ирж ажиллах юм байна.
Тус үнэлгээний үр дүн болон өнөөдрийн эрдэм шинжилгээний хурлаас гарсан дүгнэлтийг нэгтгэж дээд хэмжээний уулзалт зохион байгуулан тулгарч буй асуудлуудаа шийдэх аж.
Хэдийгээр эрүүл мэндийн салбараас уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, тархалтыг бууруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг цаг алдалгүй практикт нэвтрүүлж байгаа ч цар тахлын нөлөөгөөр илрүүлэлт нь буурсныг чухалчлах ёстойг дурдлаа.
Монголд цар тахлын өмнө жилд сүрьеэгийн 4,000 орчим тохиолдол бүртгэгддэг байсан бол цар тахлын үеэр огцом буурч, 2,700 болжээ. Энэ нь халдвар авсан хүмүүс мэдэхгүйгээр хүндрэх, цааш халдвар тараах эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна.
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг “Монгол Улс сүрьеэгийн дарамт өндөртэй орны тоонд орж байгаа нь энэ өвчнийг тандах хянах зэрэг үйл ажиллагааг төрөөс цогцоор хэрэгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
Сүрьеэ нь нийгмийн халдварт өвчин гэж нэрлэгддэг бөгөөд эртнээс байсаар ирсэн. Үүнийг дан ганц эрүүл мэндийн салбар сүрьеэг устгана бууруулна гэдэг боломжгүй шахам зүйл. Учир нь сүрьеэгийн үүсгэх хүчин зүйл болон өвчилсний дараах эдгэрэлтийн явцад нийгэм, эдийн засгийн нөлөө маш их бий.
Хэдийгээр сүрьеэ нь тархалт өндөр, далд халдвар ихтэй байгаа ч халдварт өвчин учраас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Тодруулбал, сүрьеэ өвчний далд халдвартай нь оношлогдсон бол урьдчилан сэргийлэх эмчилгээг манай улс гурван горимоор үнэгүй хийдэг. Иймд сүрьеэгийн өвчлөлийг бууруулахад иргэдийн оролцоо, үүрэг хариуцлага чухал гэдгийг онцлох ёстой" гэлээ.
Сүрьеэгийн далд халдвар гэдэг нь сүрьеэгийн үүсгэгч бактери хүний биед орсон буюу халдвар авсан ч өвчлөл үүсгэх хэмжээнд өсөж үржээгүй байна гэсэн үг. Ийм үед зовуурь илрэхгүй ч далд халдвар авсан нь тогтоогдсон бол урьдчилан сэргийлэх эмчилгээг сайн дурын үндсэн дээр хийлгэх боломжтой аж.
Мөн нэгэнт зовуурь өгөөд эхэлбэл ямар хэлбэрийн гэдгээс нь шалтгаалж сүрьеэгийн эмчилгээг хийдэг бөгөөд тухайн хүн ямар шатандаа оношлогдож байгаа, ямар хэлбэрийн сүрьеэ гэдгээс шалтгаалж эмчилгээний горим, үргэлжлэх хугацаа, барих дэглэм нь өөр өөр гэдгийг ХӨСҮТ-ийн мэргэжилтэн хэлсэн юм.
Түүнчлэн цар тахлаас шалтгаалж дэлхий дахинд энэ өвчний эсрэг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ орхигдсон ч манай улс эмчилгээний амжилтаа өндөр түвшинд барьж чадаж байгааг онцлов.
Мөн сүрьеэгээр өвчилсөн тохиолдлуудын дийлэнх нь 15-34 насныхан байгаа нь хамгийн аюултай, анхаарал татахуйц зүйл гэлээ.
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!