Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2022/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Уур амьсгалын өөрчлөлт ба усны нөөц

ikon.mn
2022 оны 9 сарын 13
iKon.MN
“Усны салбарын манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд Монгол орны хэмжээнд тулгамдаад буй усны асуудлыг хөндсөн цуврал судалгаа, өгүүлэл, нийтлэлийг уншигчдад хүргэхээр зорьж буй бөгөөд усны салбарт тулгамдаж буй асуудлын талаар дараагийн нийтлэлээ хүргэж байна.

Уур амьсгалын өөрчлөлт ба усны нөөц

Усны ухаалаг хэрэглээг дэлхий биднээс шаардаж байна. Үүнд хүн бүрийн оролцоо чухал бөгөөд дараа гэж хойшлуулах аргагүй юм.

Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхий дахины тулгамдсан асуудал болохыг, түүний нөлөө, үүдэн гарах үр дагавар нь хэдэн арван жилээр хөгжлийг сааруулж, гамшигт эрсдлийг нэмэгдүүлж буйг бид нэгэнтээ харж байна. Тийм ч учраас улс орнууд нэгдэн нийлж энэхүү асуудалд анхаарал хандуулан дэлхийн дулаарлыг сааруулах, өөрчлөгдөж буй хэмийг тодорхой түвшинд барих зорилт тавьж байна.

Тодруулбал, 2015 онд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Конвенцын хүрээнд баталсан Парисын хэлэлцээрээр уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулж, хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжлийг бий болгох, дэлхийн дулаарлыг аж үйлдвэржилтийн өмнөх үетэй харьцуулахад 2 хэмээс хэтрүүлэхгүй байж, улмаар 1.5 хэмд хязгаарлах амлалтыг дэвшүүлсэн билээ.

зураг
 

Зураг 1. Уур амьсгалын өөрчлөлm усны нөөцөд нөлөөлөх нь

Уур амьсгалын өөрчлөлтийн хамтаар энэхүү өөрчлөлтөд эмзэг байдлын асуудал яригддаг бөгөөд Монгол орны хувьд газар зүйн байршил, уур амьсгалын системийн хувьд хамгийн эмзэг 10 орны нэг гэж тодорхойлогдсон байна. Энэ нь дэлхийн агаарын дундаж температур сүүлийн 120 жилд цельсийн 0.84 градусаар ихэссэн бол манай оронд 2.25 градус буюу дунджаас гурав дахин их байгаагаас харагдаж байна. 

зураг
 

Зураг 2. Монгол орны а) жилийн агаарын дундаж температур, б) жилийн нийлбэр хур тунадасны өөрчлөлт, 1940 – 2014

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааг байгаль, нийгмийн олон хүчин зүйлтэй уялдуулан авч үздэгийн нэг нь ус-уур амьсгалын өөрчлөлтийн асуудал юм. Өнөө цагийн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт байгаль дахь усны эргэлт, усны горим, нөөцөд үлэмж нөлөө үзүүлж, усны нөөцийн тоо хэмжээ өөрчлөгдөн, орон зай цаг хугацааны хуваарилалт алдагдаж, чанар доройтоод байна.

Монгол орны цаг уурын горим сүүлийн жилүүдэд хэрхэн өөрчлөгдсөн талаарх судалгаануудын үр дүнгээс харахад 1940 – өөс 2015 оны хооронд жилийн дундаж агаарын температур 2.24ºС хэмээр нэмэгдэж, харин жилийн дундаж хур тунадасны хэмжээ 7% -иар буурсан байна. Ингэснээр орон даяар хэт хуурайшил бий болсоор байна. Хөрсний чийгийн дутагдал ба гадаргын дулаарал хоёрын хамаарлаас Монгол орон илүү халуун, хуурай уур амьсгалтай болсоор байгаа аж.

Судалгаанаас харахад Монголын тэгш өндөрлөгт орших 1км2 – ээс дээш талбайтай нууруудын дөрөвний нэг гаруй нь 1987 – 2010 оны хооронд ширгэсэн байна. Энэхүү агаарын хэмийн нэмэгдэл, хур тунадасны бууралт нь газрын доройтолтой хавсарснаар байнгын хуурайшилт нэмэгдсээр байх зураглалыг харуулж байгаа бөгөөд энэ нь Монгол орны нутаг дэвсгэрийн дөрөвний гурав нь цөлжилт болон ган гачигт нэрвэгдсэн байна. 2021 оны Зүүн Азийн шороон шуурганаас улбаатайгаар манай улсад хэдэн арван жилийн туршид хуримтлагдаад буй экологийн асуудал олон улсын анхаарлын төвд ороод байна. Тиймээс уг экологийн олон асуудлыг шийдвэрлэхэд бодлогын түвшинд, орон нутгийн иргэд, мэргэжилтэн судлаачид зэрэг дотоодын болон олон улсын хамтын ажиллагаа нэн чухал байна.

зураг
 

Зураг 3. 2021 оны 3-р сарын 17-нд болсон шороон шуурганд өртсөн газар нутгийг шар өнгөөр тэмдэглэв. Шороон шуурганы үеэр Дундговь аймагт авсан зургуудыг нэмэлтээр хавсаргав.

Монгол орны уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төсөөллийг дэлхийн хэмжээний олон загварын (10 загвар) дунджаар тооцоход 4 улирлын агаарын температур цаашид алгуур тогтвортой нэмэгдэх ба үүнтэй холбоотойгоор байгалийн нөөц, нийгэм, эдийн засагт ямар нөлөө үзүүлж буй дэлгэрэнгүй судалгааг бусад тайлангуудаас харах боломжтой бөгөөд зарим усны нөөцтэй холбоотой тоон мэдээллийг доор хураангуйлан оруулав.

Монгол орны уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор 2000 – 2015 онд гарсан өөрчлөлтийг “Уур Амьсгалын Өөрчлөлтийн тухай” НҮБ-ын суурь конвенцын тайланд хүргүүлсэн байдаг. Үүнд дурдахдаа голын урсцын хэмжээ ихэнх хугацаанд олон жилийн дунджаас доогуур байсан бөгөөд энэ нь нийт нууруудын гадаргын хэмжээ 7%-иар буурахад нөлөөлсөн байна. Ингэснээр ойролцоогоор 600 гаруй нуур ширгэсэн байна. Мөн уулын мөнх цас, мөсөн гол хайлах нь хурдассан бөгөөд 2000 – 2011 оны хооронд Монгол орны нийт мөнх цасын талбай 14%-иар буурчээ. Энэхүү усны горимын өөрчлөлт урт хугацаанд ч мөн буурсаар байсан байна (1974 – 2013 оны хооронд нуурын талбайн бууралт, 1940 – 2011 оны хооронд мөнх цас, мөсөн голын талбай 30%-иар буурсан).

Цаашид уур амьсгалын өөрчлөлт нь ууршилт болон гадаргын усны урсцыг нэмэгдүүлэх бөгөөд ингэснээр усны горимд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарсаар байх нь.

Тиймээс уснаас хамааралтай хүний эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, үйлдвэрлэл зэрэг бүхий л салбарт асуудлууд тулгарсаар байх бөгөөд түүнд дасан зохицох арга хэмжээ авах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад хувь нэмрээ оруулах нь чухал юм. Уур амьсгалын өөрчлөлт нь бодит зүйл бөгөөд бид дор бүрнээ хичээн, өөрсдийн хувь нэмрийг оруулах хэрэгтэй аж.

Түүнчлэн өдөр тутмын амьдралдаа усаа хэмнэх, байгальд ээлтэй технологи, бүтээгдэхүүн сонгон хэрэглэх, хаягдлыг дахин ашиглах, эрчим хүчээ хэмнэх, усны талаарх уламжлалт өв соёлоо сэргээн дэлгэрүүлэх, аливаа бүтээгдэхүүн үйлчилгээний цаана буй усны далд үнэ цэнийг үнэлэх сонголт ч бидэнд байна. Та өөрөөсөө эхлээрэй.