“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлаар томилогдсон Г.Ёндон өмнөх захирал Х.Бадамсүрэнгээс тамга тэмдгээ хүлээн авч, албан ёсоор үүрэгт ажлаа эхлүүлж буй талаар erdenetinfo мэдээлэв.
Тэрбээр өнөөдөр Орхон аймагт хүрэлцэн ирж үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл болон ажлын хэсгийнхэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллүүд, аймгийн удирдлагууд ажил хүлээлцэх үйл ажиллагаанд оролцсон бөгөөд цаашид уламжлал шинэчлэлийг хослуулж үйлдвэрээ авч явахаа Г.Ёндон тамга хүлээн авах үеэрээ илэрхийлжээ.
Засгийн газар УИХ-аар шинэ бүтэц, бүрэлдэхүүнээ батлуулах үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндонгийн оронд УИХ-ын Ж.Ганбаатарыг томилсон юм. Улмаар Г.Ёндонг "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирлаар томилох шийдвэрийг Засгийн газар наймдугаар сарын 31-ний хурлаараа танилцуулсан бол Х.Бадамсүрэн "Эдэнэс Монгол"-ын Зэсийн группийн захирлаар томилоод буй юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!