Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн дэд захирал, доктор Б.Баатарцолын "2022 оны тариа хураалтад харгалзах онцлог" зөвлөмжийг хүргэж байна.
Тус зөвлөмжид "Энэ оны хувьд хавар хөрсний чийг харьцангуй сайн байсан, зуны хугацаанд хэвийн болон ахиу хур тунадастай байснаас үзвэл байгаль цаг агаараас шалтгаалсан ургац буурах, тарианы болц оройтох, будааны чанар буурах ямар нэгэн шалтгаан үүсээгүй. Харин баруун бүс нутаг түүний дотор ахиу тариалан бүхий Увс аймагт зуны эхэн хагаст гантай байснаас ургацын хэмжээ багасах нөхцөл бүрдсэн.
Бүс, нутагтаа тохиосон сорт сонгоогүй, тарих хугацаа оновчтой биш, үрийн чанар, тариалалтын болон ургамал хамгааллын арга хэмжээ хийхдээ технологийн алдаа гаргасан зэргээс шалтгаалан ногоон тариа /подгон/ ургасан, зарим газарт лууль, бог будаа мэтийн хог ургамал түрэх, улмаар тарианы болцыг оройтуулах, үтрэмийн ажлыг хүндрүүлэх төлөвтэй байгааг эс тооцвол тарианы болц болон хураалтад их хүндрэл гарахааргүй ерөнхий төлөв ажиглагдаж байна. Гэвч талбай тус бүрийн тарианы болц, алаг цоог байдал, хураах техникийн хүчин чадал, цаг агаарын байдлыг үнэлэн хураах арга, хугацаа, технологио тариаланчид боловсруулж мөрдөх нь зүйтэй" гэжээ.
Түүнчлэн "Тариа хураах арга хэмжээ нь тариаланчдын хоёр жилийн хөдөлмөрийн үр дүн бөгөөд хураалтыг хугацаа алдахгүй хаягдалгүй явуулах нь энэ тэргүүний асуудал юм.
Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 9-10 сарын урьдчилсан мэдээллээр энэ намрын цаг агаарын төлөв харьцангуй дулаан байх төлөв байна. Ялангуяа хураалт эрчимтэй өрнөх есдүгээр сарын 10-даас хойш хур тунадас багатай, хураалтад таатай нөхцөл бүрдэхээр байна. Харин Төв бүсийн зүүн хойд хэсэг, Зүүн бүсийн хойд хэсэг болон Халх гол орчмоор ахиу тунадастай байж болохоор зураглал гарсан байна" хэмээн дурдсан байна.
Эх сурвалж: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!